Арга хэмжээ
Монголын эдийн засгийн гурав дахь чуулган болно

Монголын эдийн засгийн форумаас зохион байгуулдаг Монголын эдийн засгийн ээлжит чуулганыг 2012 оны гуравдугаар сарын 5, 6–ны өдөр Төрийн ордонд зохион байгуулахаар болжээ. 2011 онд хоёр дахь удаагаа зохион байгуулж байсан уг чуулганаар “Хүний хөгжил”, “Хөгжлийн бодлого”, “Засаглал”, “Дэд бүтэц” гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр 15 салбар хуралдаанаар хэллэлцүүлэг өрнүүлж байсан бол 2012 онд “Эдийн засгийн хөгжил”, “Нийгмийн бодлого”, “Ногоон өсөлт ба инновацийн бодлого” гэсэн чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.

Монголын эдийн засгийн форум нь улс төр, бизнесийнхэн, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөллийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэн улс орныхоо хөгжлийг хурдасгах асуудлаар нийтлэг ойлголцлыг бий болгох гол зорилготой байдаг. Мөн нийгмийн нэр хүндтэй манлайлагчид нэгэн дор цугладаг тул ажил, бизнесийн өргөн холбоос үүсгэж, харилцан ойлголцол, хамтын ажиллагааг өрнүүлдэг чухал ач холбогдолтой үйл ажиллагаа хэмээн үздэг.

Эдийн засгийн форум бүгдийг биш чухлыг нь хэлэлцнэ

“Монголын эдийн засгийн форум” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Найдалаатай ярилцлаа.

-Өнгөрсөн жилийн форумын гол сэдвийн нэг “Хүнд өгөөжтэй эдийн засгийн өсөлт” гэж байсан. Өнөөгийн эдийн засгийн байдал иргэдийг улам их бухимдуулж байна?

-Зөвхөн форум ч биш эдийн засаг, нийгмийн хөгжлийн олон асуудал дээр хүмүүсийн буруу ойлголт, хүлээлт байна. Эдийн засгийн хөгжлийн үр дүн байгууллагын төслийн үр дүн шиг шууд харагдахгүй, олон жилийн дараа гардаг.

Форумын зорилго нь бодлогод тусгамаар судлаачдын судалсан, мэргэжилтнүүдийн яриад байгаа тэр асуудал, хоорондын ойлголцыг нэгтгээд нэгэн талбар дээр гаргаж тавих, бодлогын шийдэлд дөхүүлэх явдал. Ямар ч асуудал дээр улс төрчид, бодлого боловсруулагчид асуудлаа өөрсдийн хэмжээнд судлаад, бодлого, шийдвэр болгон гаргаж чадна л даа. Гэхдээ хууль, бодлогын баримт бичиг гаргах нэг хэрэг. Хамгийн гол нь түүнийг хэрэгжүүлэх байгууллагууд, олон нийт тэр баримт бичгийн доторх агуулга, асуудлыг урьдчилаад ярилцсан, зөв ойлголттой, хөрс нь зөв бүрдсэн байвал үр дүнтэй хэрэгжихэд дэмтэй болно. Нөгөө талаас судлаачид ийм байх ёстой гэдгийг хэлчихсэн, саналаа оруулчихсан байвал бодлогоо арай өөр түвшинд, зөв гаргана, мөн дараа дараагийн судалгааг зөв чиглэлд явуулна.

Товчхондоо жил бүр зохион байгуулдаг Эдийн засгийн чуулган бол байгууллагын шийдвэр гаргах, асуудал шийдэх хурал биш л дээ. Жишээ нь, төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай өмнө нь бараг ярьж байгаагүй. 2010 оны Эдийн засгийн чуулганаар нэг үндсэн сэдэв болгон хэлэлцсэний үр дүнд энэ асуудлыг улс төрчид, судлаачид, мэргэжилтнүүд анхааралдаа авч, шат шатандаа ярилцаж, хэлэлцсээр өнгөрсөн оны 12 дугаар сард “Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа болон түншлэл” гэсэн тухайлсан сэдвээр үндэсний форумыг зохион байгууллаа. Цаашид бодлогын баримт бичиг, хууль, журам болгон хэрэгжүүлэх нь дамжиггүй. Энэ бол форумын үр дүнгийн нэг л жишээ юм.

-Форумын чиглэл, сэдэв хэт ерөнхий байна гэж шүүмжлэх хүмүүс байдаг. Сэдвийг танай байгууллага сонгодог уу?

-Манайд хэлэлцэх сэдэв маш их байгаа. Гэхдээ бүгдийг биш чухлыг нь энэ жил бодлогын түвшинд ямар асуудлыг “ширээн дээр” гаргаж тавимаар байна, алийг нь бодлогын шийдэлд, олны анхааралд оруулмаар байна гэдгийг чухалчилна.

Форум өөрөө олон нийтийн байгууллага. Төр, захиргаа, олон нийт, эрдэмтэн судлаач, иргэний нийгэм, хэвлэлийнхнийг ч хамруулдаг учраас тэдний саналыг нэгтгэн авч Удирдах зөвлөлөөрөө оруулж энэ жилийн үндсэн гурван чиглэлийг сонгоод байгаа. Ер нь бодлогын шийдэлд оролцогч нийгмийн талуудыг хамруулж тус тусын Зөвлөл байгуулан ажиллаж байгаа. Жишээ нь, судлаачдын, сэтгүүлчдийн, олон нийтийн гэх мэт. Ингэснээр зөвлөлүүд асуудлуудыг байнгын анхааралд оруулж, хэлэлцэх сэдвийг илүү тодорхой болгон чиглүүлэх, форумын үйл ажиллагааг тогтмолжуулах боломжтой болно.

Форумын хэлэлцүүлгийн хэлбэр, загварын хувьд энэ жил онцгой өөрчлөлт орохгүй, хуучнаараа явна. Гэхдээ сайжруулахаар хичээж байгаа зүйл бол сэдвүүдийн сонголт ба хэлэлцүүлгийн түвшин юм. Оролцогчдыг нэг удаа цуглуулж асуудал бүрийг “А”-гаас нь эхлэн ярих, хуримтлагдсан бухимдлыг нь гаргах биш өмнө нь сонин, сэтгүүл, ТВ-ээр ярилцлага, хэлэлцүүлэг тухайн сэдвээр өрнүүлж олон нийтэд хүргэхээс гадна ажлын уулзалтууд хийх, байгаа мэдээллүүд дээр тулгуурлан урьдчилж судалгааны тойм гаргах гэх мэтээр хэлэлцүүлгийн суурь хөрсийг аль болох сайн бэлдэх нь чухал байна. Өөрөөр хэлбэл, тухайн сэдвээр өмнөх боловсруулалтыг сайн хийгээд форум дээр хэлэлцэх чиглэл, хөндөх асуудал нь тодорхой байхад анхаарна. Дараа нь форумаас гарсан саналыг бодлого боловсруулагчдад хүргэх, бодлогын шийдэл гаргах, түүнийг хэрэгжүүлэхэд энэ хүрсэн нэгдсэн ойлголцол, солилцсон санал маш чухал ач холбогдолтой.

-Өнгөрсөн жилийн форумын хаалт дээр Ерөнхий сайд С.Батболд форумаас гарах бодлогын шийдлийг ажил хэрэг болгодог төрийн хүмүүс, УИХ-ын гишүүд хангалтгүй оролцлоо гэж хэлж байсан. Тэдний оролцоог хангахыг хэн зохион байгуулах ёстой вэ?

-Мэдээж хялбараа бодвол холбогдох дарга нь шийдээд чиг үүрэг өгөх байх. Гэхдээ энэ бол шийдэл нь биш. Манай нийгэмд байгаа хандлагыг харахаар бид төрөөс л юм нэхээд байна. Төр заавал бүх хүнд, бүх мэргэжлийнхэн, бүх насныханд зориулсан бодлогын баримт бичиг гаргаж, дэмжиж харж үзэх ёстой юу гэдэг нь эргэлзээтэй.

Форумд оролцож байгаа мянга гаруй хүн бол монголын эдийн засаг, бизнес, улс төрийн манлайлагчид яах аргагүй мөн. Тэр манлайлагчид л өөрсдөө хоорондоо асуудлаа хэлэлцээд, шийдлийг олон талаас үзэж, санал бодлоо уралдуулж, ойлголтоо нэгтгэж, тухайн сэдвээр мэдлэг, мэдээллийн өндөр түвшинд тодорхой санал гаргаж, олон нийтэд нээлттэй хүргэж байвал төр засгийнхан, бодлого боловсруулагчид аяндаа тэднээс асуух, зөвлөх, саналыг сонсохоос өөр аргагүй байдалд орно. Эсвэл хууль, журам гаргалаа илүү няхуур хандна, санал асууж эхэлнэ.Одоо бол хамгийн их мэдлэг хуримтлагдсан, хамгийн их мэдээлэлтэй нь төр засаг өөрөө болчихоод байна шүү дээ. Судлаачдын дуу хоолой гэж бараг алга. Иргэний нийгмийн төлөөлөл нь хангалттай мэдээлэл, мэдлэг дутагдалтай учир барьцгүй шүүмжлэх, хардах, үгүйсгэх хандлагатай. Ийм нөхцөлд хоосон шүүмжлэл, бухимдах, бие биеэ үл тоох уур амьсгал л ноёлно. Форумын гол хэрэгцээ, ач холбогдол энэ зөрүүг арилгах, харилцан хэлэлцэх талбар бий болгох юм. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн форум бодлогын түвшинд илүү үр дүнтэй нөлөөлөх нэгэн чухал хэрэгсэл болж өгнө. Түүнээс биш төр засгийнханд дуу хоолойгоо хүргэх, тэдэнд сонсгох нэг цуглаан биш юм.

-Форумын мессежийн хувьд…

-Форумын байж болох сэдэв бол мэдээж өргөн, гэхдээ энэ жилийн сэдвүүдийг чиглүүлэх үндсэн мессеж нь урьдчилсан байдлаар “өндөр хурдацтай өсөлтийг иргэнд хүртээмжтэй болгох” юм. Гэхдээ эдийн засгийн хурдацтай өсөлт “маргааш” гэрт нь шууд очих ёстой гэсэн яарч адгасан ойлголт, хүлээлт нийгэмд байна. Улс төрчид ч тийм буруу хүлээлт бүрдүүлэхээр сурталчилгаа хийж, амлалт өгч бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлж байна.

Ер нь шууд эдийн засгийн асуудал биш ч хүмүүст сэтгэлгээний өөрчлөлт чухал байна. ФМ радиогоор саяхан сонслоо. Мөн албан бус хүрээнд хүмүүс их ярьдаг даа “Гуравхан сая хүнийг тэжээхэд юу байхав дээ ийм их баялаг байхад” гэж. Энэ бол үндсээрээ буруу сэтгэлгээ, буруу хандлага. Тэгэж бодож байгаа болохоор бид бэлэн мөнгө нэхээд, түүнд нь тааруулж мөнгө өгч, өөрөө өөрсдийн амьдралаа сайжруулъя, ажлаа голох, ажилдаа тогтвортой зүтгэж ажиллая ч гэдэг юм уу амьдралын эрсдэлийг үүрэх сэтгэлгээ, сэтгэлийн тэнхээ муу, бүгдийг төрөөс нэхэх, мэргэн удирдагч мөрөөдөх хандлага хавтгайрч байна. Энэ бол буруу соёл, төр давамгайлсан соёлын үлдэгдэл оршсоор байна гэсэн үг. Ер нь нийгэм, эдийн засгийг томоор нь харж, сэтгэлгээг өөрчлөх, танин мэдэхүйн сурталчилгаа хүртэл явуулж, оюуны том өөрчлөлт хийж байж улс орны хөгжлийг жинхэнээр нь урагшлуулна гэж боддог.

Тэгэхээр форумын нэг сэдэв асуулт бол энэ хурдацтай өсөлт хэзээ, яаж иргэнд очих вэ? гэсэн асуулт юм. Энэ асуултад судлаачид ч, төр засгийнхан ч, иргэний нийгмийн төлөөлөл ч өөр өөрсдийн зүгээс хариулах, хэлэлцэх шаардлагатай.

-Нийгэм, эдийн засгийг томоор харах гэдэг нь яг юуг хэлээд байна?

-Хүмүүсийн мэдлэг, боловсрол, асуудлаа ойлгодог тэр боловсролыг ярих гээд байна. Форумын асуудалтай уялдана. Нэг хэсэг орчин цагийн эдийн засгийг ойлгодог боловсон хүчин байхгүй байлаа. Одоо гадаадын нэр хүндтэй сургуульд сурч мастер, докторын зэрэг хамгаалсан олон судлаачид эргээд Монголдоо ирж, ажиллаж байна.Тэдний оролцоо сул, дуу хоолой нь сонсогдохгүй хэвээр байна. Гэтэл эдийн засагч гээд хэн ч юу ч ярьж болох орон зай хоосон байгаа тул бодлогын чухал асуудлыг хэн нэгний популист яриа, ятгалганд автан хөнгөн гоомой шийдэх аюул байна.

Банк санхүүгийн талаар гэхэд л хэн дуртай нь янз бүрийн юм ярьж байна. Энгийн жишээ авахад л зээлийн хүүг хялбархан бууруулах боломжтой тухай мэдэгдэл хийх, тийм ойлголт нийгэмд өгөх, зээлийн хүүг төрөөс даая, орон сууцны зээлийн хэт бага хүү амлах, зээл чөлөөлөх гэх мэт яриа их байна. Иймэрхүү түвшний яриа шийдвэр, бодлого болж хэрэгжвэл санхүүгийн систем, улсын эдийн засгийн хөгжилд асар их аюултай. Судлаачид, мэргэжилтнүүд дор дороо үглээд, чимээгүйхэн шүүмжлээд, ангайгаад явж байтал нэг өдөр бодлого, шийдвэр болоод гараад ирэхийг үгүй гэх газаргүй байна. Нэгэнт шийдвэр гарчих юм бол буцаах, засах боломжгүй, маш их хохиролтой зүйл болно. Ингэхгүйн тулд Эдийн засгийн чуулганаар жишээ нь, зээлийн хүү буулгана гэдэг ийм учиртай, ингэж болно, болохгүй гэдгийг судлаачид, мэргэжилтнүүд ярилцаж, мэдээлэл солилцож, санал гаргавал сэтгүүлчид зөв өнцгөөс нь олон нийтэд хүргэж бодлогын алдаа хийх эрсдэлээс сэргийлнэ. Ийм хэлэлцүүлэгт оролцсон улс төрчид, намууд ч мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа арай л өөрөөр тусгана шүү дээ. Тэгэхээр эдийн засгийн чуулган нь нүдэнд ил харагдахгүй боловч бодлогын эрсдэл гаргахаас сэргийлэх, бодлого боловсруулагчидтай нийгмийн бусад оролцогчдыг холбож өгөх гүүр болдгоороо маш чухал ач холбогдолтой.

Эх сурвалж: Хөдөлмөр сонин

Өдөр: 2012-01-18 -0000-00-00