Арга хэмжээ
"Тогтвортой хөгжил & Өрсөлдөх чадвар: Ногоон шийдэл & Инноваци” сэдвээр лекц уншина

Лекц 2 дугаар сарын 1 –ний Лхагва гаригт 15:00 цагаас Монгол Улсын их сургуулийн Нэгдүгээр байрны дугуй зааланд зохион байгуулагдана. Таныг хүрэлцэн ирж ирэхийг урьж байна.

Монголын эдийн засгийн форумаас “Монголын эдийн засгийн чуулган 2012” бодлогын чуулга уулзалтыг угтан цуврал хэлэлцүүлэг, лекц зохион байгуулахаар төлөвлөж байгаа билээ. Эхний лекцийг Монгол Улсын их сургуулийн багш, Ногоон хөгжлийн бодлогын хүрээлэнгийн шинжлэх ухааны захирал, доктор, профессор Т.Чулуун “Тогтвортой хөгжил & Өрсөлдөх чадвар: Ногоон шийдэл & Инноваци” сэдвийн хүрээнд уншина.

 

ИЛТГЭЛИЙН ХУРААНГУЙ: Тогтвортой хөгжил ба Өрсөлдөх чадвар: Ногоон шийдэл & Инновац

Эрдэмтдийн үзэж буйгаар хүн төрөлхтөн геологийн шинэ эрин үе болох Антропоценд шилжиж оржээ. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш эдийн засаг, технологийн хөгжил, хүн ам, байгаль орчны өөрчлөлт улам бүр хурдассаар байна. Сүүлийн 60 жилийн хугацаанд хүн өөрөө эх дэлхийн өөрчлөлтийн гол хүчин зүйл болжээ. Уур амьсгалын болон дэлхийн бодисийн циклийн өөрчлөлт, биологийн төрөл зүйлийн мөхөл нь Дэлхийн тогтолцооны аюулгүйн бүсээс хэдийнээ давжээ. Тухайлбал, агаар мандал дахь хүлэмжийн хийн хэмжээ нь сүүлийн 800 мянган жилийн байгалийн хэлбэлзлээс давсан нь дэлхийн дулаарлыг үүсгэх хүчин зүйл болж байна. Иймээс Дэлхийн тогтолцооныхоо тогтвортой байдлыг хангах яаралтай арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй юм.

Эдийн засаг, байгаль орчин, геополитик, нийгэм болон технолгоийн эрсдлүүд нь урьд хожид байгаагүйгээр харилцан уялдаатай болоод байна. Америкийн санхүүгийн хямрал нь дэлхийн эдийн засгийн хямралд хүргэсэн, Японд болсон газар хөдлөлт, цунами болон цөмийн аюул нь байгаль орчин болон технологийн гамшгийн харилцан хамааралт байдлыг илтгэлээ. Түүнчлэн орлогын тэгш бус хуваарилалт нь Арабын орнууд болон хөгжингүй орнуудад гарсан нийгмийн тогтворгүй байдлын шалтгаан болсон билээ. Дэлхийн Эдийн Засгийн Форумын “Дэлхийн Эрсдэл 2012” илтгэл нь таван ангилалын нийт 50 эрсдлийн тохиолдох магадлал, тэдгээрийн нөлөө, харилцан хамаарал зэргийг ирэх 10 жилээр гаргасан байна. Орлогын тэгш бус байдал, санхүүгийн тогтворгүй байдал, өсөн нэмэгдэж буй хүлэмжийн хий, кибер довтолгоо болон цэвэр усны хангамж нь хамгийн болзошгүй эрсдлүүд юм. Уур амьсгалын өөрчлөлт, ус болон хүнсний аюулгүй байдал, ядуурал, эдийн засгийн тэгш бус байдал нь хоорондоо нягт харилцан холбоотой билээ.

Дэлхийн өрсөлдөх чадварын (GCI) болон Хүний хөгжлийн индекс (HDI) нь эдийн засаг нийгмийн хөгжлийг тодорхойлогч болж болох юм. Тогтвортой хөгжлийн үндсэн гурван бүрэлдхүүн болох эдийн засаг нийгэм, байгаль орчнийг тооцсон Хүний тогтвортой хөгжлийн индекс (HSDI)-ийг илтгэгч дэвшүүлээд байна (Чулуун, Nature 2011). 2011 онд Норвеги улс нь Хүний хөгжлийн болон Хүний тогтвортой хөгжлийн индексээр тэргүүлллээ. Швед болон Швейцарь нь 2011-2012 оны Дэлхийн өрсөлдөх чадварын индексээр, 2011 онд Хүний тогтвортой хөгжлийн индексээр манлай гуравт орж байна. Иймд Норвеги, Швед болон Швейцарь нь тогтвортой хөгжил болон өрсөлдөх чадварын хувьд Монголд тохирох хамгийн сайн загвар болно. Гонконг, Сингапур болон Япон нь хүний тогтвортой хөгжил, өрсөлдөх чадвар, үр ашиг өндөр технологиор тэргүүлж буй Азийн загвар орнууд байна.

Монгол улсын тогтвортой хөгжлийн зарчмууд нь цогц байдал, нийтлэг шиж, өрсөлдөөн, дасан зохицол болон хамтын ажиллагаа зэрэгтэй холбогдоно. Орон нутаг, голын ай сав болон улсын хэмжээнд уур амьсгалын өөрчлөлт, газар ашиглалтын өөрчлөлт, ядуурал зэрэг хүчин зүйлсийг хамруулан хийсэн нийгэм-экологийн системийн эмзэг байдлын судалгаагаар дэлхийн дулаарал, усны нөөцийн бууралт, ган зуд, малын тоо даацаас хэтэрсэн зэрэг эрсдлүүдээс үүдэн цөлийн хээрийн бүс нь Монголын хамгийн эмзэг бус нутаг болсоныг тодорхойлсон байна. Тогтвортой хөгжил болон дасан зохицол нь инноваци, мэдлэг, орчин үеийн технологи болон институцын тусламжтайгаар нийгэм-экологийн сэргэн хөгжих чадварыг сайжруулна. Багануурт оюутны ногоон хотхон, шинэ эко-хот, сэргээдэх эрчим хүч болон усан хангамжийн харилцан хамаарал зэргээр хийх хэлэлцүүлэгт урьж байна. Говийг Дэлхийн байгаль-соёлын өв болгож хадгалан, орчин үеийн ногоон технологид суурилан хөгжүүлэх санааг танилцуулан хэлэлцүүлнэ.

ТОВЧ НАМТАР: Тогтохын Чулуун, Доктор, МУИС-ийн Профессор

Утас: 976 8811-4416, Цахим шуудан: chuluun@warnercnr.colostate.edu

Тогтохын Чулуун нь 1991 онд Москвагийн Их Сургуульд онолын болон математикийн биофизикийн салбарт физик-математикийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ. Т.Чулуун 1977-1991 онд ШУА-ийн Физик-техникийн хүрээлэн, Биотехнологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтнаас эрдэм шинжилгээний ахлах ажилтнаар, 1991-2002 онд АНУ-ын Колорадо Их Сургуулийн Байгалийн Нөөц Экологийн Лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан буюу дэд профессор, 2002 оноос МУИС-ийн профессор багш, 2011 оноос Ногоон Хөгжлийн Бодлогын Хүрээлэнгийн шинжлэх ухааны захирлаар ажиллаж байна. Доктор Тогтохын Чулуун нь 2010-2011 оны хичээлийн жилд АНУ-ын Аризона Их Сургуулийн Хүний хувьсал хөгжил ба нийгмийн өөрчлөлтийн сургуулийн Институцийн олон төрлийн судалгааны төвд зочин профессор, 2014 он хүртэл АНУ-ын Колорадо Их Сургуулийн Байгалийн Нөөц Экологийн Лабораторийн эрдэм шинжилгээний ахлах/зочин ажилтан, 2016 он хүртэл АНУ-ын Аризона Их Сургууль болон Өвөр Монголын Их Сургууль дундын (SUCCESS) төвийн зочин профессороор ажиллаж байгаа болно.

Т.Чулуун хүн-байгалийн буюу нийгэм-экологийн тогтолцооны дасан зохицихуй, сэргэн хөгжихүй болон тогтвортой хөгжлийн асуудлыг орон нутаг, улс орон болон бүс нутгийн түвшинд судалж байгаа юм. Байгаль орчны асуудлыг тогтвортой хөгжилтэй холбох, шинжлэх ухаан болон төрийн бодлогын уялдааг сайжруулах, тухайлбал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон болон нийцсэн хөгжлийн бодлого боловсруулах чиглэлээр ажилладаг. АНУ-ын Үндэсний шинжлэх ухааны сан болон НАСА (NASA), Япон, Англи, Европийн Холбоо, НҮБХХ зэрэг орон, хөтөлбөрүүдээс санхүүжилт авч байжээ. Т. Чулуун экосистем, дэлхийн тогтолцооны шинжлэх ухаан, байгаль орчны менежмент, тогтвортой хөгжил зэрэг хичээлүүдийг МУИС-д заан, магистр, докторантын ажлыг удирдаж байна.

Доктор Т. Чулуун нь 2012 оноос Олон Улсын Шинжлэх ухааны байгууллага (ICSU)- ын Ази, Номхон далайн бүсийн хорооны гишүүн, 2009 оноос Хятадын Шинжлэх Ухааны Академийн “Азийн муссоны бүсийн нэгдсэн судалгаа” хөтөлбөрийн шинжлэх ухааны удирдах зөвлөлийн гишүүн болон Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яамны шинжлэх ухаан-технологийн зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байна. Т. Чулууны 2011-2012 оны бүс болон дэлхийн түвшингийн зарим үйл ажиллагаанаас дурьдахад:

  • - 2012 оны 3-р сард Лондон хотноо болох НҮБ-ийн тогтвортой хөгжлийн “RIO+20”-д шинжлэх ухааны манлайллыг хангах зорилго бүхий ”Дарамтанд буй гариг: Шийдэлд хүргэх шинэ мэдлэг” сэдэвт олон улсын хурлын “Азид тулгарч буй ногоон болон шинэ сорилууд” салбар хуралдааныг даргална.
  • - 2011 оны 2-р сард Парис хотноо Дэлхийн тогтолцооны шинжлэх ухааны хөтөлбөрүүдийг глобал тогтвортой байдлын нэгдсэн хөтөлбөр болгох 3-р хуралд Олон Улсын Шинжлэх ухааны байгууллага (ICSU)- ын урилгаар оролцон;
  • - 2011 оны 4-р сард Малайз улсын Куала Лумпур хотноо Ази, Номхон далайн бүсийн “RIO+20” хуралд “Шинээр тулгарч буй сорилууд ” сэдэвт үндсэн илтгэлийг илтгэн;
  • - 2011 оны 4-р сард Аргентины Розарио хотноо Олон улсын бэлчээрийн конгресст “Уур амьсгалын өөрчлөлтөд Монголын бэлчээрийн нийгэм-экологийн тогтолцооны эмзэг байдал болон дасан зохицохуй ” илтгэлийг урилгаар илтгэж,
  • - Мөн хүний тогтвортой хөгжлийн индексийг дэвшүүлсэн өгүүллээ “Nature” сэтгүүлд хэвлүүлжээ (Chuluun, T. 2011. Time to stop celebrating the polluters. Nature: World View. 17 November 2011|VOL 479|NATURE|269.).
Өдөр: 2012-01-27 -0000-00-00