Арга хэмжээ
БОАЖ-ын салбарынхан анхны томоохон чуулган, зөвлөгөөнөө хийв

Эх сурвалж: БОАЖЯ

2012.1.14-нд “Тогтвортой хөгжил ба Байгаль орчны засаглал” сэдэвт үндэсний чуулган, 2012.1.15-нд “Байгаль орчны ажилтны улсын зөвлөгөөн”-ийг Төрийн ордонд зохион байгууллаа. Салбарын хэмжээнд анх удаагийнхад тооцогдох энэхүү үндэсний чуулган болон улсын зөвлөгөөнд 871 төлөөлөгч оролцсоны 560 нь Монгол Улсын өнцөг булан бүрээс уригдан ирсэн орон нутгийн төлөөлөл байлаа. Тодруулбал, байгаль хамгаалах бодлого, үйл ажиллагааг гардан гүйцэтгэж буй 383 албан хаагч, салбарын үйл ажиллагааг орон нутагт хариуцан ажиллаж буй 79 удирдах албан тушаалтан, экологийн тулгамдсан асуудалд илүү ихээр өртсөн 98 сумын удирдлага иржээ.

БОАЖЯ-ны урилгаар төрийн, иргэний нийгмийн, эрдэм шинжилгээний, олон улсын байгууллагуудын 191 хүн салбарын чуулган, зөвлөгөөнд оролцов. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажлын алба, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, 7 яам, 21 газар, агентлагийн төлөөлөл, мөн гадаад орон, олон улсын 8 байгууллагын экспертүүд, их дээд сургууль, эрдэм шинжилгээний 5 хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид, экологийн чиглэлээр ажилладаг 600 шахам ТББ-ыг нэгтгэсэн Монголын байгаль орчны иргэний зөвлөл болон үүнээс гадна бусад 30 шахам ТББ-ын төлөөлөл, байгаль орчны мэргэжлийн 14 байгууллагын мэргэжилтнүүд оролцсон байна.

Үндэсний чуулган, улсын зөвлөгөөн зохион байгуулах шаардлага:
Монгол орны нэн тулгамдсан асуудал болох уул уурхайн үйлдвэрлэлд суурилсан эдийн засгийн эрчимтэй хөгжлөөс урьтсан байгаль орчны засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн Байгаль орчны бодлогын шинэчлэлийн стратеги, Байгаль орчны багц хуулийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байгаа. Бодлогын энэ шинэчлэл, стратеги, Байгаль орчны багц хуулийн төслийг БОАЖЯ-наас 2008-2011 онд боловсруулсан юм.

Энэхүү шинэ бодлого стратеги, зорилт төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх механизмын талаар нэгдмэл ойлголт, шийдэлд хүрэх шаардлага манай салбарын өмнө бий болсон юм. Иймд “Тогтвортой хөгжил ба Байгаль орчны засаглал” үндэсний чуулган зохион байгуулж, салбарын бодлого, стратегийн өөрчлөлт, түүнийг хэрэгжүүлэх арга зам, механизмд оролцогч бүх талын байр суурийг нээлттэй сонсох, санал шүүмжийг хүлээн авах, шийдэл гарцыг шүүн хэлэлцэхээр энэхүү үндэсний зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Үндэсний чуулган, улсын зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудал:
Тогтвортой хөгжилд хүргэх байгаль орчны засаглал, нэн ялангуяа уул уурхайн үйлдвэрлэлд суурилсан эдийн засгийн эрчимтэй хөгжлийн энэ үед байгаль орчны асуудлыг хөгжлийн суурь болгон авч үзэх шинэ хандлагад шилжих шаардлага, нөхцөлийг чухалчлан авч хэлэлцэв.

Тэр дундаа “Байгаль орчны сайн засаглал”-ыг бэхжүүлэх байгаль орчны аудитыг шинээр бий болгох, байгаль, экологид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үүргийг хуульчлах, байгаль орчны нөхөн сэргээлтийн зардлыг санхүүжүүлэх шинэ эх үүсвэр бий болгох, нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийн орчин бүрдүүлэх зэрэг шинэ бодлогын талаар түлхүү ярилцсан.

Мөн байгаль орчны өнөөдрийн тулгамдсан асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх боломж, оновчтой шийдлийн талаар оролцогч бүх талын үзэл бодол, байр суурийг сонслоо.

Үндэсний чуулган, улсын зөвлөгөөний үр дүн:
Төрийн ордонд хоёр өдөр чуулсан байгаль орчны салбарынхан эдийн засгийн хурдацтай хөгжлийг байгалийн нөөцдөө тулгуурлан жигд тогтвортой хангах бодлого нь энэ зууны тулгуур баримтлал тул “Монгол Улсын байгаль орчны салбарын бодлого, үйл ажиллагаа нь эдийн засаг, нийгмийн бүх салбарын суурь асуудалд зохицуулалт, хяналт хийх эрх, үүрэгтэй байх шаардлагатай” байгааг дуу нэгтэй хүлээн зөвшөөрлөө.

Нэгдмэл энэ үзэл санаагаа илэрхийлж, үндэсний чуулган болоод улсын зөвлөгөөний төлөөлөгчдийн гаргасан санал, төр засгийн удирдагчдаас ирүүлсэн илгээлт, хэлсэн үг, дүгнэлтүүдийг үндэслэн төрийн эрх барих дээд байгууллага, гүйцэтгэх засаглалын байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд болон Монгол орны нийт иргэддээ хандан 7 зүйл бүхий уриалга гаргалаа.


Эх сурвалж: БОАЖЯ
 

Өдөр: 2012-01-17 -0000-00-00