Хуралдаан - 2014
Зээлийн түүх

Монголын Банкны Холбооны санаачлагаар, арилжааны банкууд хамтран хөрөнгө оруулж Зээлийн Мэдээллийн Төв ХХК-ийг 2009 онд байгуулсан. Олон улсын санхүүгийн корпораци, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагын дэмжлэгтэйгээр зах зээл болон хууль эрх зүйн орчны талаар судалгаа явуулж, Зээлийн мэдээллийн сан байгуулах бизнес төлөвлөгөө боловсруулж, Зээлийн мэдээллийн тухай хуулийн төсөл боловсруулахад оролцсон.

Өрнөдийн орнуудын өндөр хөгжил зээлээр “амилсан” гэдгийг сонссон ч монголчууд “Өргүй бол баян” хэмээн өөрийгөө өмөөрч, хөгжлөөс зугтаж явсан нь саяхан. Гэтэл зээл гэдэг нь муу зүйл биш, зөв ашиглавал хэн хэндээ ашигтай, хувь хүн, албан байгууллага байтугай улсыг ч хөгжилд хөтлөх зам болохыг өдгөө ухаарчээ. Өргүй хүн, аж ахуйн нэгж ховордож бүгд л байшин, машин, гар утас, цахилгаан бараагаа моргейж, лизинг, ипотекийн зээлээр “өөрийн” болгоод байна. Товчхондоо 2.7 сая Монголын дийлэнх нь зээлдэгч гэсэн үг. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Монгол Улсын зээлийн өрийн үлдэгдэл нь 8.6 их наяд төгрөгт хүрчээ. Үүний 94.6 хувь нь хэвийн буюу ямар ч асуудалгүй үргэлжилж буй юм.

Өнөөдрийн байдлаар Монголд 13 арилжааны банк, 195 банк бус санхүүгийн байгууллага, 160 гаруй хадгаламж зээлийн хоршоо ажиллаж иргэдэд албан ёсоор зээл олгож байна. Тэд Төв банкинд байршиж буй зээлийн мэдээллийн сантай гэрээ бай­гуулж, харилцагчдын зээлийн түүхийг тогтмол нийлүүлж байх гэрээ байгуулан ажилладаг тул албан ёсны зээлдүүлэгчээр нэрлэж буй юм. Ломбард, хувь хүмүүсийг албан бус зээлдүүлэгч гэж болно. Дээр дурдсан зээл олгодог 300 шахам аж ахуйн нэгж өөр өөрийн зээлийн мэдээллийн сантай. Өөрөөр хэлбэл, зээлийн хоршооны мэдээллийн санд миний өмнөх зээл, эргэн төлөлт цөм бүртгэлтэй. Харин бусад банк, байгууллагынхыг тодорхой мэдэхийн тулд төвлөрсөн санд мэдээллээ нэгтгэх нь үйл ажиллагаагаа эрсдэлгүй явуулахад чухал нөлөөтэй.

Монгол Улсын энэ Зээлийн мэдээллийн сан тасралтгүй ажиллах нь зээлдүүлэгч байгууллагыг эрсдэлд орохоос хамгаалах ач холбогдолтой. Энэ нь буцаад зээлдэгч буюу иргэдийн зээлжих чадварыг хэмжих зээлийн түүхийн эхлэл болох боломжтой юм. Тухайлбал, сангийн үнэлгээ эерэг нөхцөлд иргэний орлого, зээлийн түүх, төлбөрийн чадвар тодорхой болсон байх тул хэр хэмжээндээ таарсан зээл авахад зарцуулах цаг хугацаа илүү богиносно гэсэн үг. Харин эсрэг тохиолдол буюу өмнө нь зээлийн хугацаа хоцроосон, найдваргүй зээл бүртгүүлж байсан бол хүлээхээс өөр аргагүй. Зээлийн түүхээ харлуулсан иргэн дор хаяж таван жил, зургаан жил хүлээсний хойно дахин зээл авахаар хөөцөлдөх нь илүү үр дүнтэй.

Одоогийн байдлаар Монголбанк дээрх байгууллагуудаар дамжуулж иргэдэд хүрдэг байна. Өргөдөл гаргаад, иргэний үнэмлэхээ бариад өөрийн нэр дээрх зээлийн түүхээ авъя гээд ирсэн хэнд ч мэдээлэл өгөхгүй. Яваандаа иргэн өөрөө мэдээллээ авч өөрийн зээлдэх боломжид үнэлэлт дүгнэлт өгөх эрхийг олгох нь аль аль талдаа цаг хугацаа хэмнэх боломжийг бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл иргэн зөвхөн зээлдүүлэгчээр дамжуулан мэдээлэл авах боломжтой байгаа нь иргэд өөрийн үйл ажиллагаанд хяналт тавих боломжийг хаагдуулж байна.

Олон улсын туршлагаас харахад зээлийн түүхэд үндсэн мэдээлэл, төлбөр төлөлт, зээлийн дансууд зэргийг нэгтгэсэн байдаг ба жилд 1 удаа өөрийн мэдээллийг үнэгүй авч хянах цаашид хэрхэн зээлжих боломжоо дээшлүүлэх боломжтой байгаагаа хянах боломжийг олгодог. Нэг талаас энэ нь зээлдүүлэгчийн үйл ажиллагаа, зардалд  ч хэмнэлттэй байх юм. Мөн нэгдсэн нэг мэдээллийн сантай болох боломж бүрдэнэ.
 

Нийтэлсэн: 2014-04-09 00:00:00