Хуралдаан - 2014
Эрүүл мэндийн салбарын засаглал

Эрүүл мэндийн салбар нь нэг талаас цэвэр нийгмийн салбар мэт боловч цаад утгаараа эдийн засагтай бүрэн холбогдож байдаг. Наад зах нь Монголд эрүүл мэндийн үйлчилгээ төдийлөн сайн хөгжөөгүйгээс жил бүр хичнээн мянган хүн гадаад улс орнуудыг зорин эрүүл мэндийн үйлчилгээ авч байна вэ.

Олон улсын байгууллагын судалгаагаар Монголчууд БНСУ-руу явж, эрүүл мэндийн үйлчилгээ авдаг иргэдийнхээ тоогоор дэлхийн улсуудын дотор тавдугаарт бичигдэж байгаа гэх статистик байна. Яг нэг хүнд ногдох эрүүл мэндийн үйлчилгээ гэж тооцвол Монголчууд гадны орныг зорьж, эрүүл мэндийн үйлчилгээ авч буй тоогоороо дэлхийд тэргүүлж байгаа юм. Нэг ёсондоо Монголчуудын мөнгө эрүүл мэндийн үйлчилгээгээр дамжин асар олноороо гадны улсуудыг зорьж байна гэсэн үг. Үүний бурууг иргэд ихэвчлэн Монголын эмч нар, эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний чанар, тоног төхөөрөмж гэх зэрэгтэй холбон тайлбарладаг. Гэтэл энэ бүхнээс гадна хамгийн чухал асуудал нь энэ салбарын засаглал болчихоод байгаа. Тиймээс эрүүл мэндийн салбарын засаглалд бүрэн шинэчлэл хийж, өөрчлөх шаардлагатай байна.

Хуулийн дагуу төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагууд нь төсвөөс санхүүждэг. Мөн эмч нарын цалинд төсвөөс ямар нэгэн урамшуулал, чанарын үнэлгээ байдаггүй аж. Тийм учраас төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй эмч нар ажлаа сайн хийсэн ч адилхан, муу хийсэн ч адилхан л цалинтай. Мөн эрүүл мэндийн байгууллага төсвөөс санхүүждэг учраас ямар нэгэн хэмнэлт хийлээ гээд ялгаагүй. Хэмнэгдсэн мөнгийг төрийн санд буцаан төвлөрүүлдэг байна. Энэ нь эрүүл мэндийн байгууллага тусламж үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах, илүү хэмнэлт хийе гэсэн сэтгэлгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

Тиймээс цаашдаа эрүүл мэндийн салбарын засаглалыг сайжруулах нэн тэргүүний ажил нь эрүүл мэндийн байгууллагуудыг тодорхой хэмжээнд бие даалгах, эмч нарын цалин, урамшууллын системд өөрчлөлт оруулахаас эхлэх ёстой. Түүнчлэн эрүүл мэндийн байгууллагуудын санхүүжүүлэгчид болох төсөв болон эрүүл мэндийн даатгалын байгууллагуудын харилцан уялдаа, хяналтын зөв механизмыг ч нэвтрүүлэх ёстой. Тодруулбал, өнөөгийн нөхцөлд манай эрүүл мэндийн даатгалын байгууллага нь зөвхөн даатгалын төлбөр төлөх зарчмаар л ажилладаг. Гэвч даатгалынхаа дагуу эмчилгээ, үйлчилгээ иргэн хүнд хэр чанартай хүрч байна вэ гэдэг дээр ямар нэгэн хяналт тавьдаггүй байна. Үүнд хяналт тавиад, улмаар хяналтдаа үндэслэн хариуцлагын тогтолцоог нэвтрүүлчихвэл иргэдэд хүрэх ёстой эрүүл мэндийн үйлчилгээний чанар сайжрах боломжтой. Нөгөөтэйгүүр иргэн хүн өөрөө ч бас эрүүл мэндийн даатгалын байгууллагад гомдол гаргах гэх зэрэг эрх нь нээгдэх юм.

Одоогийн байдлаар Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банкны хамтын ажиллагааны хүрээнд энэхүү засаглалыг сайжруулах төсөл нийслэлийн тодорхой эмнэлгүүдэд туршилтын журмаар хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд Шастины нэрэмжит клиникийн гуравдугаар нэгдсэн эмнэлэг харьцангуй бие даасан хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Бие даасан хэлбэрээр ажиллаж, орлогоо өөр дээрээ төвлөрүүлж, захиран зарцуулах эрхтэй байгууллага хэрхэн ажиллах гэдэг нь тодорхой. Жишээлбэл үүднээсээ эхлээд үйлчилгээндээ анхаарч, ашиг орлогоо нэмэгдүүлэхийг, хүрэлцэн ирсэн өвчтөнд хамгийн сайнаараа үйлчилж, сэтгэл ханамжтай буцаахыг хичээнэ. Ингэснээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар сайжрах ёстой юм.

Нийтэлсэн: 2014-09-08 00:00:00