Хуралдаан - 2014
Санхүүгийн зах зээл - шинэ тоглогчид

Монгол улсын санхүүгийн зах зээл хувийн болоод төрийн арилжааны банкууд, даатгалын компаниуд, Монголын хөрөнгийн бирж зэрэг цөөн хэдэн оролцогчтой.

Хөрөнгийн зах зээлийн хууль, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ 2013 оны 5-р сарын 24-ний өдөр баталсан бөгөөд 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн билээ. Хуулийг дагалдуулж, 22 журмыг шинэчлэн батлах учраас ийнхүү хэрэгжих хугацааг хойш тавьсан аж. Шинэ хуульд үнэт цаасны давхар бүртгэл хийх, хадгаламжийн бичиг гэх мэт шинэ бүтээгдэхүүн гаргах, кастодиан банкны үйлчилгээ үзүүлэх зэрэг шинэлэг зүйлсийг тусгаж өгсөн юм.

Манай улсын газрын баялагт түшиглэсэн 28 төсөл гадаадын хөрөнгийн биржид хувьцаа гаргасан байдаг. Хууль хэрэгжиж эхэлсэн нь эдгээр болон ирээдүйд хөрөнгө босгох олон компаниудад давхар бүртгүүлэх боломж олгож байгаа юм. Кастодиан банкны үйлчилгээ нэвтрүүлснээр манай хөрөнгийн зах зээлд гадаадын хөрөнгө оруулагчид оролцох хаалга нээгдэнэ. Кастодиан банк нь хөрөнгө оруулагчдын худалдан авсан үнэт цаасыг хадгалах, холбогдох төлбөр тооцоог хийх, харилцагчийн итгэмжлэлийн дагуу үнэт цаас гаргагч компанийн хувь нийлүүлэгчдийн хуралд оролцох, үнэт цаас гаргагч болон эзэмшигчтэй холбоотой мэдээ мэдээллийг дамжуулах зэрэг үйлчилгээ үзүүлдэг. Энгийнээр тайлбарлавал, кастодиан банкны үйлчилгээ нь тодорхой хэмжээний урамшуулал авч хилийн чанад дахь хөрөнгө оруулагчийн бие төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэх ажил юм. Санхүүгийн зохицуулах хорооноос кастодиан банкны журмын төслийг боловсруулан энэ оны нэгдүгээр сард баталсан.

Мэргэжлийн хөрөнгө оруулагчдаар удирдуулсан хөрөнгө оруулалтын сангууд манай хөрөнгийн зах зээлд ажиллаад эхлэх нь сайн. Хувьцаа гаргах компаниуд хүссэн хэмжээний хөрөнгийг босгож чадах болов уу гэж болгоомжлохоо болино. Мөн хөрөнгө оруулалтын сангууд үнэхээр сайн төсөлд хөрөнгө оруулахаас татгалзахгүй. Наанадаж тайлан тооцоогоо танилцуулж, ил тод байдлаа хангадаггүй, зөрчилтэй хэлцэл хийдэг компаниудын засаглал сайжрах юм.

Хөрөнгө оруулалтын эх үүсвэр талаасаа дэмжин ажиллах хэд хэдэн асуудал байна.

1.      Төрөөс татварын бодлогоор дамжуулан хөрөнгийн зах зээлийг дэмжих: орлогын татвараас чөлөөлөх, шинэ ХК-нуудад хөнгөлөлт үзүүлэх

2.      Кастодиан, санхүү, эрх зүйн тогтвортой байдал бүрдүүлэх замаар хөрөнгө оруулагчийн итгэлийг нэмэгдүүлэх

3.      Хөрөнгийн зах зээлийн эргэлтийг нэмэгдүүлэх

4.      Худалдан авагч тал болох сангуудыг дэмжих, эрэлт талын сангуудыг идэвхижүүлэх үүнд НДС-ын тодорхой хувийг хөрөнгө оруулалтанд ашиглах

5.      Дотоод хуримтлал бүрдүүлэх, тэтгэврийн сан - удаан хугацааны хуримтлал бүрдүүлэхийг дэмжих, хууль эрх  зүйн орчинг бүрдүүлэх

Зээлийн эх үүсвэрийг бий болгоход:

1.      Зээлийн бодлогод өөрчлөлт оруулах, ирээдүйн орлогыг барьцаалж зээл олгодог болох (зөвхөн үл хөдлөх хөрөнгө биш)

2.      Хөвөгч хүү нэвтрүүлэх

3.      Долларын зээл дээр дериватив ашиглаж ханшийн эрсдлийг бууруулах

4.      Төрийн өмчит компаниудаа зарж, төр зээлжих чадвараа сайжруулах, орж ирсэн хөрөнгөө ЖДҮ зээлжих чадварыг сайжруулахад зарцуулах

5.      Олон улсад үйл ажиллагаа явуулдаг 5-н банкны төлөөлөгчийн газар манай улсад байдаг бөгөөд тэдгээрийг үйл ажиллагаагаабүрэн явуулдаг болгох

 

Зах зээлийн орчныг сайжруулах шинэ тоглогчдыг оруулж ирэхэд:

1.      Хөдлөх хөрөнгийн бүртгэлийг боловсронгуй болгож  ЖДҮ-н зээлжих чадварыг сайжруулах

2.      Төр бизнес хийхгүй байх, хувийн хэвшлийн орон зайг суулгах

3.      Төр байгуулсан гэрээгээ хүндлэх, тогтвортой байдлыг хангаж, эрсдлийг бууруулах

4.      Төр хууль эрх зүйн болон бусад орчны тогтвортой байдлыг хангах

5.      Хөрөнгийн зах зээлийн мэдлэг, санхүүгийн боловсролыг иргэдэд олгох мөн хөрөнгө оруулалтын хэрэгцээг хангаж өгөх

6.      Компаниудын засаглал муу, ил тод байдал байхгүй байгааг засан залруулах.

7.      Засгийн газраас бондынхоо хүүг анх гаргаж байсан үетэйгээ ижил хэмжээнд болтол буулгах зэрэг араг хэмжээг авах нь эн чухал байна.

Нийтэлсэн: 2014-09-09 00:00:00