Хуралдаан - 2014
Татварын бодлого -ялгавартай юу, үгүй юу?

Монгол Улс өнөөдрийн байдлаар экспортынхоо 90 орчим хувийг зөвхөн уул уурхайгаас олж байна. Тэр дундаа зэс, нүүрс зэрэг уул уурхайн цөөн нэрийн бүтээгдэхүүний орлогоос эдийн засаг хараат байгаа учир татварын II үе шатны шинэчлэлийг  2014-2017 онд хийхээр Засгийн  газрын  мөрийн хөтөлбөрт тусгасаны  дагуу өнөөдөр татварын шинэчлэлийн асуудал  ид өрнөж байна. Шинэчлэл хийх шаардлага нь хөрөнгө оруулалт, бизнес эрхлэгч, жижиг, дунд үйлдвэрлэл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн зохицуулалтыг хийж өгөх, татварын хуулийн зарим ойлгомжгүй, хийдэл давхардал үүсгэдэг зүйл заалтыг ойлгохоор энгийн болгох  зорилгыг агуулсан.

Монгол Улс татварын I үе шатны шинэчлэлийг 2006-2012 онд хийсэн гэж үздэг. Тус шинэчлэл нь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, татварын ачааллыг бууруулах, татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг багасгах зорилготойгоор хэрэгжсэн бөгөөд татварын дөрвөн 10-ын зарчимд шилжсэн явдал юм. Ингэснээр Монгол Улс  тухайн үед Азидаа хамгийн бага татвартай орон болж байсан. Үр дүнд нь гадны хөрөнгө оруулалтыг татаж, татварын орлого эрс өссөн. Тухайлбал, статистик мэдээллээс үзэхэд сүүлийн арван жилд ААНОАТ төлөгчийн тоо жил бүр дунджаар 13-18 хувиар өсөж, 2012 оны жилийн эцсийн байдлаар 82432-д хүрчээ. Тус татвар нь нэгдсэн төсвийн орлогын 12-20 хувийг эзэлж байна. Энэ нь уул уурхайн салбарын хөгжилтэй шууд холбоотой.

Өнөөдрийн татварын шинэчлэлийн хүрээнд нийт 17  хуульд өөрчлөлт оруулахаар байгаа аж. Үүнээс Татварын ерөнхий хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, НӨАТ-ын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль зэрэг гол хуулийн төслийг боловсруулж, намрын чуулган завсарлахаас өмнө УИХ-д өргөн барьсан. Мөн Онцгой албан татварын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ч Сангийн сайд Улсын Их хурлын даргад өнгөрсөн хоёрдугаар сард  өргөн барьсан. Онцгой албан татварт хамаарагддаг бараа, үйлчилгээний татвар болон Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг ам.доллараар тогтоосон байдаг. Үүнээс үүдэн ам.долларын ханш өсөх үед аж ахуйн нэгжүүдийн татварын ачаалал нэмэгддэг. Харин ам.долларын ханш буурах үед төсвийн орлогын эх үүсвэрт сөрөг нөлөө үзүүлдэг байна. Тиймээс энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж, ам.доллараар тогтоосон онцгой албан татвар, тусгай зөвшөөрлийн төлбөрийг төгрөгөөр тогтоох зорилгоор Онцгой албан татварын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулиудад өөрчлөлт оруулах төслийг боловсруулжээ. Дээрх хуулиудад ам.доллараар тогтоосон татвар, төлбөрийг төгрөгт шилжүүлэн тогтоохдоо ирэх жилүүдийн ам.долларын төгрөгтэй харьцах ханш, инфляцийн түвшинд үндэслэн, төсөвт төвлөрөх орлогын хэмжээг тодорхой хугацаанд бууруулахгүй байх зарчмыг баримтлан боловсруулсан байна.

Мөн намрын чуулганд өргөн барьсан ААНОАТ, НӨАТ –ын тухай хуулиудад хөрөнгө оруулагч, жижиг, дунд үйлдвэрлэл, бизнесийн орчин, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн томоохон өөрчлөлт орж байна. Тухайлбал, ААНОАТ-ын тухай хуульд уул уурхай, ашигт малтмал, нефтийн бүтээгдэхүүний импорт, газрын тосны экспорт, үүрэн телефоны операторын үйлчилгээ, согтууруулах ундаа, тамхи, банк санхүү зэргээс бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг, жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс илүүгүй аж ахуйн нэгжид төсөвт төлсөн ААНОАТ-ын 90 хувийг буцаан олгохоор тусгажээ. Мөн НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх босгын хэмжээг өнөөгийн эдийн засгийн өсөлттэй уялдуулан өөрчлөхөөр НӨАТ –ын тухай  хуулийн төслийг боловсруулсан. НӨАТ төлөгчийн босгыг дараах хоёр нөхцөлийг үндэслэн тогтоосон байна. Түүнчлэн босгын хэмжээг өөрчилснөөр одоо НӨАТ төлөгчөөр бүртгэгдсэн хуулийн этгээдийн эрх ашгийг хохироохгүй байх зорилгоор 10-50 сая хүртэл төгрөгийн борлуулалтын орлоготой хувь хүн, хуулийн этгээдийн тухайд  албан татвар төлөгчөөр сайн дураар бүртгүүлэх боломжийг олгож байгаагаараа энэ хууль нэлээд  онцлогтой болсон гэж  хуулийн төслийг боловсруулсан Сангийн яамны холбогдох мэргэжилтнүүд онцолж байна. Өмнө нь НӨАТ-ын босго бага байсан нь жижиг үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж дээр тооцоолол хийхэд хүндрэлтэй. Сар болгон татварын албанд тайлан гаргаж, падаан цуглуулах ажилд цаг, мөнгө зарлагаддаг гэсэн гомдол тасардаггүй байжээ. Ийнхүү босгыг 50 сая төгрөгөөр тогтоосон тохиолдолд 10 сая төгрөг даваад НӨАТ төлөгчөөр бүртгүүлчихсэн байгаа аж ахуйн нэгжийн нуруу  амарна гэсэн үг. Гэхдээ хасалт хийлгэх сонирхолгүй, Аж ахуйн нэгжүүдийн хувьд хүсвэл сайн дурын НӨАТ суутгагч гэдэг ангилалд орох нээлттэй. Та 50 саяын босгод хүрээгүй ч гэсэн хүсвэл НӨАТ төлөгч байж болно гэсэн үг.

Татварын шинэчлэлийг хийхдээ татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй байх зарчмыг баримталж байгаа. Харин шинэчлэлийн хүрээнд татварын хууль тогтоомж энгийн ойлгомжтой болсноор татвар төлөгчийн хууль тогтоомжийг дагаж мөрдөх зардал буурна гэж үзэж байна.

ААНОАТ-ын тухайд  10, 25 гэсэн хоёр хувь хэмжээтэй. Тодруулбал гурван тэрбум төгрөгийн ашигтай ажилласан аж ахуйн нэгж ашгаасаа 10 хувийн татвар төлнө. Гурван тэрбумаас дээш орлоготой аж ахуйн нэгжийн хувьд 25 хувийн татвар төлдөг. Үүнийг олон улсын түвшинтэй  харьцуулахад дундаж түвшинд байгаа юм. НӨАТ ч мөн ялгаагүй, бусад орныхтой харьцуулахад дундаж түвшинд  буй. Хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээ дэлхийн түвшингээс нэлээд доогуур гэдгийг мэргэжилтнүүд онцлож байна. Татварын хувь хэмжээ дэлхийн түвшингээс доогуур байна гээд дээрх гурван гол татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй гэж ойлгож болох юм. Нөгөөтэйгүүр татварын хууль эрх зүйн орчноос гадна татвар төлөх, тайлагнахтай холбоотой цахим, шуурхай орчинг бий болгох шинэчлэл хэрэгтэй.

Нөгөөтэйгүүр татварыг ийнхүү үе шатлалтай тогтоох нь аж ахуйн нэгжүүдийг томрох үйл явцад саад болж байгаа нь илт харагддаг. Бүгд л олон охин компанитай. Охин компанид хөрөнгө тасдан өгч шинээр байгуулаад НӨАТ төлөгч болтол бас улсын төсөвт оруулах хувь нэмэр нь хумигдаж байдаг. Зарим нэг улс орон нэг л тогтсон хувь хэмжээтэй байх  тохиолдлууд байдаг. Эцэст нь гэхэд бид бизнесийг дэмжихийн зэрэгцээ улс орны эдийн засгийн алсын хараа хаашаа чиглэж байгаатай уялдуулан татварын бологыг тогтоох тул татвар ялгавартай тогтоох асуудлууд байнга хөндөгдөж байдгийг мартаж болохгүй.

Нийтэлсэн: 2014-09-09 00:00:00