Хуралдаан - 2014
Шийдэл нь инноваци
Инноваци бол шавхагдашгүй баялаг, эдийн засгийг хөгжүүлэх гол салбар юм. Монгол улс нь инновацийн тухай хуулийг 2012 онд батлан гаргасан. Уг хууль батлагдсанаар манай оронд инноваци хөгжүүлэх эрх зүйн таатай орчин бүрдэнэ хэмээн бизнесийн байгууллагуудад хүлээлт үүссэн юм.
 
Хөгжиж буй болон шилжилтийн эдийн засагтай орнуудын хувьд судалгаа боловсруултад  ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулан шинэ технологи, инновацийг бий болгох нь хүндрэлтэй юм. Тиймээс бусдын бүтээж бий болгосон технологийг дамжуулан авч өөрийн орны нөхцөлд тохируулан нутагшуулах ашиглах нь цаг хугацаа, зардлын хувьд хэмнэлттэй бөгөөд үр ашигтай байж болох юм. Нөгөө талаар даяарчилалын нөлөөгөөр улс орнуудын хооронд хил хязгаар үгүй болсон нь мэдлэгийн урсгал чөлөөлөгдснөөр аливаа улс орны инновацийн чадавхи тухайн орны шинжлэх ухаан, технологийн хөгжлөөс гадна бусад орнуудын инновацийн чадавхиас ихээхэн хамаардаг болсон байна. Энэ нь тухайн орны нээлттэй байдал, гадаад худалдааны цар хүрээ, гадаадын шууд хөрөнгө оруулалт, лицензи,  технологи дамжуулалттай холбоотой.
 
 Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр /2008-2015/-т тусгаж өгсний дагуу:
 
Монгол Улсад Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөрийн зорилго нь Монгол Улсын онцлогт тохирсон үндэсний инновацийн үр ашигтай тогтолцоог бүрдүүлэн хөгжүүлэх суурийг тавихад орших бөгөөд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрнэ хэмээн үзэж байна:
 
·         Эх орны судалгаа боловсруулалтын болон аж үйлдвэрийн салбарын эрэлт, хэрэгцээг хангахуйц, глобал инновацийн системд нэгдсэн үндэсний инновацийн үр ашигтай тогтолцоо бүрдэнэ.
 
·         Инновацийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах эрх зүй, зохион байгуулалт, дэд бүтцийн тогтолцоо бүрдэнэ.
 
·         Оюуны нөөцийн, инновацийн хөрөнгийн болон бүтээгдэхүүний, инновацийг дэмжих үйлчилгээний зах зээлийн харилцаа төлөвшинө.
 
·         Инновацийн үйл ажиллагааны санхүүжилтийн олон хэлбэр, төрийн дэмжлэгийн механизм бий болно.
 
·         ЭШБ, инновацийн жижиг, дунд бизнес, том үйлдвэрийн хоршсон үйл ажиллагаа хөгжсөнөөр дэвшилтэт технологид суурилсан инновацийн кластерууд үүсэн бий болно.
 
Харамсалтай нь хууль батлагдсанаас хойш инновацийн үйл ажиллагааны талаар дорвитой алхам хийгдсэнгүй. Учир нь уг хуульд нэмэлт заалт оруулж өгөх,  илүү боловсронгуй болгох шаардлагатай хэмээн үзэж байна. Мөн улс төрийн тогтворгүй байдал нь хуулийг дагалдах журмуудыг батлахад саад тотгор болсоор байна.
 
Хэдийгээр инновацийн төсөл байсан ч гэсэн түүнийг санхүүжүүлэх хөрөнгө мөнгө байхгүй байгаагаас зогсонги байдалд ороод байгаа. Үүнийг шийдвэрлэхийн тулд эдийн засгийн дэмжлэг хэрэгтэй бөгөөд мөн хөрөнгийн зах дээр Венч хөрөнгө оруулагчдыг татах ажлыг гүйцэтгэх нь зүйтэй юм. 
 
Нийтэлсэн: 2014-09-11 00:00:00