Хуралдаан - 2014
Яагаад урлаг?
Соёл, урлаг суурь боловсрол болоод Ерөнхий боловсрол тэр бүр чухал байр суурь эзэлдэггүй. Тиймээс Монгол Улсын иргэнийг хүмүүжүүлэхэд юу чухал байгааг ялган салгаж судлах цаг нь болжээ. Урлаг хүний дотоод мэдрэмж сэтгэлгээг илүү түлхүү хөгжүүлдэг. Үүнийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн судалгааны үр дүнгээс шууд харж болдог. Бага балчиртаа сонгодог хөгжим сонсож өссөн хүүхдүүдийн авъяас илүү олон талтайгаар хөгжсөн, бие хүний хувьд зөв төлөвшсөн байдаг байна. Мөн багийн үйл ажиллагаанд илүү идэвхтэй оролцдог, шинэ арга зам олох чадвар нь хөгжсөн байдаг.
 
Бие хүн хөгжиж төлөвшинө гэдэг нь бусадтай идэвхтэй харилцаж өөрийгөө зөвөөр ойлгуулж бусдыг зөвөөр ойлгох чадвартай болохоос гадна нийгэмд биеэ авч явах луужин болох хувь хүний хандлага эерэгээр тогтсон байх явдал юм.
 
Өнөөдөр бага, дунд ангид долоо хоногт нэг цагийн хичэээлээр хөгжмийн боловсрол олгодог. Энэ нь зөвхөн академик талаас нь хүүхдүүдэд нот заах, дуу цээжлүүлэх хэлбэрээр явагдах нь элбэг. Хөгжмийн багш нарын боловсрол, хөгжмийн боловсролын хөтөлбөрийн хязгаарлагдмал байдал нь боловсрол олгодог гэхээсээ илүү цагийг дэмий үрсэн асуудал болоод удаж байна.
 
Мөн эцэг эхчүүд хичээлийн бус цагаар хүүхдүүдээ урлагийн боловсрол олгох боломж нь дутмаг нийгэмд бид амьдарч байна. Тиймээс нот мэддэг болгоход чиглэсэн хөгжмийн боловсролын тогтолцоог хөгжим сонсож ойлгож мэдэрдэг чадвартай болгоход чиглэсэн систем, хөтөлбөрт шилжүүлэх шаардлагатай болжээ. Энд бас зөвхөн хөгжмийн боловсролыг туйлшруулан авч үзмээргүй байна. Дүрслэх урлаг, зургийн хичээлээр бас дунд сургуульд урлагийн боловсрол эзэмшүүлнэ гэсэн байдаг. Мөн албан боловсролоос гадна бид кино урлагаар дамжуулан гоо зүйн мэдлэг олж авч байдаг тул үйл явдал, алаан хядаан, драмаас илүү урлагийг таниулсан бүтээлийг түлхүү хөгжүүлэх нь илүү олон нийтэд хандсан хүртээмжтэй ажил болно.
 
Урлагийн боловсрол олгох тогтолцоог илүү практикал болгоход шууд хуулбарлан хэрэглэхээс эхлээд загвар болгон ашиглах олон улсын жишгүүд бидэнд бэлээхэн байдаг.
 
Мэдээж энд Монгол Улсын урлагийн салбарын хөгжлийг үгүйсгэж болохгүй ч бидний ярьж буй сэдэв энгийн хүн ардын аж амьдрал, хөгжилд ямар нөлөөтэйг авч үзэж байгааг анхаарах хэрэгтэй.
 
Саналууд:
 
–      Жилдээ 1-2 түүхийн кино бодлогоор хийх
–      Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь хамгийн чухал урлагийг таньж мэдүүлэх хэрэгсэл юм. 
–      Өрнө дорнын сэтгэлгээг харгалзан үзсэний үндсэн дээр иж бүрэн цогцолбор байдлаар боловсролын системд шинэчлэл хийх
–      Эцэг эхчүүдэд хандсан бодлого дэмжлэгийн системийг бий болгох
–      Хамгийн гол алдаа сурах бичиг, сургалтаа шинэ системээр жигдлэн боловсруулах
–      Хуучин, мартагдсан соёлын өв, хөгжмийг дахин сэргээж таниулах
 
 
Нийтэлсэн: 2014-09-11 00:00:00