Хуралдаан - 2014
Ажилгүй юу, чадваргүй юу?
Монголд өнөөдөр 160 мянган хүн ажилгүй гэсэн судалгаа бий. Яагаад Монголд жилээс жилд ажилгүйдэл нэмэгдээд байна вэ.
 
Ажлын байрыг голох хандлага маш их. Энэ талаар компанийн захирал, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид байнга гомдоллодог. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар болон Хөдөлмөрийн бирж, Нийслэлийн хөдөлмөрийн газарт энэ жил  уул уурхай, барилгын салбараас ажлын байрны захиалга хамгийн олон ирсэн. Тэдгээр ажлын байрны ихэнх нь барилгын туслах ажилчин, зөөгч бармен, харуул хамгаалалтын ажилчин авах захиалга байсан. Тэгэхээр Монголд ажилгүйдэл газар авах бус харин Монгол Улс ажилчин ангийн хомсдолд орчихсон юм биш үү гэмээр. Телевиз радио, хэвлэл мэдээллийн хэрэгслээр “ажилд авна, цалин өндөр” гэсэн зар нэлээд цацагддаг. Тэгсэн хэрнээ ажилгүйдэл өссөөр л байна.
 
Дээд боловсролтой монголчууд туслах ажил хийх дургүй, тиймээс л Монголын ажилгүйчүүдийн тоо жилээс жилд өсөөд байгаа хэрэг. Ажилгүйдлийг дагаад ядуурал тэлдэг нь бичигдээгүй хууль. Гэсэн хэрнээ ядуус ажил хийх дургүй. Ажилгүйдэл их үү, ажлын байрны эзэнгүйдэл нь их үү гэдэг нь ойлгомжгүй байгаа энэ нөхцөлд ажилчин ангийг бэлтгэхгүйгээр ажилгүйдлийг бууруулж чадахгүй нь.
 
Төрөөс ажилгүй хүмүүсийг элдэв янзын тэтгэвэр тэтгэмж, хайр халамжинд хамруулдаг нь иргэдийн ажил хийх сонирхлыг бууруулж байгааг хувийн хэвшлийнхэн шүүмжилдэг. Энэ шүүмжлэл бол үнэний ортой. Нөгөө талаар өнөөдөр олон нийт төрийн албанд орохыг хүсдэг нь нууц биш.  Төрийн албан хаагчид бага хүүтэй зээлээр байртай болох боломжтой, элдэв янзын тэтгэлэгт хамрагддаг болохоор ихэнх залуус болж өгвөл төрд шургалахыг хүсч буй. Аль болох биеэ зовоохгүй ажил хийж өндөр цалин авахыг мөрөөддөг нь өнөө цагийн залуусын нэг дутагдал. Цагаан гартай, цагаан цамцтангууд байхын тулд барилгын туслах ажилчин хийхийг тэд хүсэхгүй байгаа. Нөгөө талаас ажилгүйдэлд ажил олгогчид ч бас буруутай. Хөдөлмөрийн биржид хандаж  ажлын байрны шаардлага хэт өндөр байна гэсэн гомдол иргэдээс багагүй ирдэг. Дор хаяж хоёроос дээш жил ажилласан байх, мөн 35-аас доош настай, хэлний мэдлэгтэй, царайлаг, өндөр, туранхай хэмээн мал зүслэх аятай нас зүсээр нь хавчдаг шаардлага тавьдаг нь худлаа биш. Тиймээс 40-өөс дээш насны эмэгтэйчүүд, 45-аас дээш насны эрчүүд ажилтай болоход багагүй бэрхшээл учирдаг аж. Өнөөдөр ажилгүйчүүдийн 40 хувийг 40-өөс дээш насныхан эзэлж байна. Мөн хувийн байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тэр бүр ажилд авдаггүй. Уг нь аж ахуй нэгж, байгууллагын эрх баригчид хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр боломжтой ажил, албан тушаалд авч ажиллуулахаас татгалзахыг хуулиар хориглочихсон байгаа. Харамсалтай нь энэ хууль амьдрал дээр хэрэгждэггүй.
 
Ажил олгогчийн зүгээс амласан цалингаа өгөхгүй удаах, амласнаас өөр нөхцөлд ажиллуулах явдал маш их дэлгэрсэн байдаг. Тэгэхээр хүний нөөцийг тогтвортой болгох компаний түвшний бодлого дутмаг байдаг хэрнээ ажилчдад бурууг нь тохоон суух хүмүүс олон байгаа. Түүнчлэн  нийгмийн даатгал, татварын дарамтаас болоод хувийн хэвшлийнхэн тэр бүр цалингаа нэмж чаддаггүй. Тэр нь ажилгүйдэлд нөлөөлдөг
 
Үндэсний статистикийн хорооноос сар бүрийн гаргадаг тайлангаар бол ажилгүйдэл жилээс жилд нэмэгдсээр. Хөдөлмөрийн биржид ирсэн ажлын байрны захиалга мөн адил жилээс жилд нэмэгдсээр. Ажлын байр олон байхад яагаад олон хүмүүс ажилгүй байна вэ.
 
Санал: 
 
1.                  Монгол хүний өөрийн онцлог ажилд хандах хандлагад хамгийн ихээр нөлөөлж байна. Тиймээс Үндэсний хэмжээний суурь судалгаа хийх
 
2.                  Ур чадварыг тогтоох төв байгуулах (улсынх байх албагүй)
 
3.                  Бүх асуудлуудын суурь нь эцсийн эцэст хүүхэд, гэр бүлийн асуудал гэдэгт анхаарах
 
4.                  Ажил олгогч бүр хүнээ бэлтгэдэг сургалтын системтей байх
 
5.                  МСҮТ-ийн нэр хүнд имиджийг дээшлүүлэх
 
6.                  Ажилд гарахад дадлагажуулах
 
7.                  Ажилд бэлтгэх сургалтанд хамруулах
 
Нийтэлсэн: 2014-09-11 00:00:00