Хуралдаан - 2014
Судалгаа шинжилгээг хөгжүүлэх
Аливаа бизнесийн байгууллага бүр бизнесийн амьдралын мөчлөгийн дагуу ажилладаг. Тогтворжилтын шатнаас бууралтын шатанд орж улмаар борлуулалт буурч ирэхэд бид бизнесээ аврахын тулд шинэчлэлт, хөрөнгө оруулалт, инноваци хийх зайлшгүй шаардлагатай болдог. Энэхүү өөрчлөлтийг хэрхэн амжилттай хэрэгжүүлж чадахаас компаний ирээдүй шууд хамаарах болно. Өнөөгийн техник технологийн хөгжлийн хурдацтай эрин үед үүнээс хоцролгүйгээр шинийг санаачлан ажиллах нь бизнесийн байгууллагуудын хувьд амьд үлдэх магадгүй хамгийн найдвартай арга юм. Судалгаа шинжилгээг өөрөө анхлан эсвэл дагалдан хийж болно.
 
Анхлан хөдлөгчийн давуу тал:
 
-          Анхдагч  болсноороо өөрийн имижийг тодорхойлон, худалдан авагчдын дунд өндөр нэр хүндтэй болох
 
-          Шинэ технологи, шинэ загвар, түгээлтийн шинэ систем зэргийг эрт нэвтрүүлснээр бусдаасаа зардлаар давамгайлах
 
-          Анхны худалдан авагчид нь байнгын үйлчлүүлэгчийг бий болгоно
 
-          Анх зохион бүтээсэн эрх нь байх учраас бусад нь хуулбарлахад хэцүү болно.
 
Дагалдагчийн давуу тал:
 
-          Өөрөө эхэлж хэрэгжүүлэхгүйгээр бусдыг амжилт олсны дараагаар судалгаа шинжилгээг эхлүүлнэ
 
-          Дагалдагч байх нь тэргүүлэгчээс илүү зардалтай ч тэргүүлэгчийг бодвол туршлагыг судалж, бага цаг хугацаа зарцуулна
 
-          Анхлан зах зээлд нэвтрүүлэгчид магадгүй хэрэглэгчдийн таашаалыг төдийлөн хүртээгүй тохиолдолд дагалдагч илүү боловсронгуй бүтээгдэхүүн үйлдвэрлэснээрээ хэрэглэгчдийг өөртөө татна
 
-          Технологийн үсрэнгүй хөгжилтэй үед хурдан дагалдагч байснаар 2 болон 3 дахь үеийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, тэрхүү технологийг эхэлж нэвтрүүлсэн газруудаас ялгарч  болно
 
Өнөөдөр Монголчууд судалгаа шинжилгээг эхлэн эсвэл дагалдан хийх аль ч талын боломж бололцоо, хүчин чадалтай гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрч эхэлж байна. Тиймээс өөрсдөө ч бас эдгээр боломжтой хүмүүстээ итгэл үзүүлж бодлого боловсруулан хэрэгжүүлэх нь зүйтэй.  Үүний тулд богино бус урт хугацаанд чиглэсэн, дор хаяж 10 жил үр өгөөжөө өгөх судалгаа шинжилгээний ажилд төрөөс далайцтай дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна. Өнөөдөр судалгаа хийнэ гэж хэлээд л хийчихгүй алхам алхмаар, үе шаттайгаар нөөцийг бүрдүүлэхэд анхаарууштай. Хүний нөөц байгаад, энэ судалгааг дэмжих орчин байхгүй, хууль зүйн зохицуулалт бодлого дутмагаас болж зарим тохиолдолд буруу этгээдүүдэд мэдээлэл хүргэгдэж улмаар үр дүнг нууцлах дарах явдал бишгүй тохиолддог. Судалгаа шинжилгээг хөгжүүлснээр бид өөрийн мал аж ахуйн бүтээгдэхүүнээс эхлээд бусад оюуны өмчөө дэлхийн зах зээлд хүргэх бүрэн боломжтой.
 
Шинжлэх ухааны бодлого боловсруулалтын үндэс судалгаа шинжилгээний чанараас хамаарна. Мэдээллийг хязгаарлагдмал, хаалттай байлгадаг нь  судалгаа шинжилгээний түүхий эдээр боогдуулж, эргэлтэнд оролгүйгээр хуучирч, ач холбогдол болоод боломжоо алдахад хүргэж байна.
 
Мөн бид ямар ч судалгаа шинжилгээ хийлгүйгээр шийдвэр гаргахдаа дасчихсан мэт байгаа байдал нь цаашид хөгжих боломжийг боогдуулж байна. Ямар нэгэн хуулийн төсөл боловсруулахдаа ч мөн адил. Бид үүнийг саяхны жишээ болох урт нэртэй хуулийн асуудал дээр авч үзэж болно. Хэрэв уг хууль дээр бид судалгаа шинжилгээнд ач холбогдол зориулан ажилласан бол магадгүй үл ойлголцол болоод хууль батлагдсаны дараах маргаан гарахгүй байсан болов уу.
 
Нийтэлсэн: 2014-09-09 00:00:00