Хуралдаан - 2014
Хүний нөөцийн бодлого

Монголын хувьд томоохон компаниудын төвшинд хүний нөөцийн бодлогодоо онцгой анхаарах болсоор багагүй хугацааг үдэж байна. Шилдэг хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлж чадсан компаниуд зах зээл дээр манлайлж буй энгийн жишээнүүдийг бид “ЭмСиЭс” групп зэрэг монголын тэргүүлэгч компаниудаас олж харж болно. Харин харьцангуй жижиг, эсвэл дунд хэмжээний аж ахуйн нэгжүүдийн төвшинд хүний нөөцийн бодлогод хэр анхаарал хандуулж байна вэ. Үндсэндээ 40-50 ажилтантай жижиг компанийн хувьд хүний нөөцийн менежер гэх орон тоогүйгээр ажиллаж байна. Тэр хэрээрээ ажилтнууд нь тогтвор суурьшилтай ажилладаггүй. Мөн ажилтнууд нь тогтвор суурьшилгүй учраас компанийн үйл ажиллагааг ч байнгын тогтвортой үргэлжлэхэд бэрх байгаа юм.

“Монголчууд ажил хийж сураагүй. Нэг ажилд ороод хэдэн жил болоод л гараад явчихдаг” гэх шүүмжлэл бий. Энэ нэг талаас монгол хүний сэтгэхүйтэй холбоотой мэт боловч нөгөө талаас тухайн компани ажилтнаа хэрхэн илүү үр бүтээлтэй, чин сэтгэлээс нь ажиллуулах вэ гэх хөшүүргийг төдийлөн хийж чадахгүй байгаагийн нэг хэлбэр. Хэрвээ бүх компани хүний нөөцдөө онцгой анхаарал хандуулаад, хүний капиталыг зөв ашиглах тэр арга, технологийг хэрэгжүүлээд эхэлбэл компанид ч тэр улс оронд ч тэр ашигтай.

Нөгөөтэйгүүр хичнээн хүний нөөцийн бодлогодоо анхааръя гээд, өнөөдөр манайд энэ чиглэлээр бэлтгэгдсэн шилдэг боловсон хүчин дутмаг байна. Хүний нөөцийн менежерээр бакалаврын зэрэг олгодог ганцхан сургууль улсын хэмжээнд байгаа юм. Бусад нь 14 хоног, эсвэл нэг сарын хугацаатай сертификатын сургалтууд. Мэдээж сургалт бүр адилгүй чанартай. Сайн нь ч бий, муу ч бий. Гэхдээ эцсийн дүндээ Монголын компаниудад “ус агаар” шиг хэрэгтэй болсон чадварлаг хүний нөөцийн менежерийг бэлтгэх сургууль Монголд хангалтгүй байна.

Нийтэлсэн: 2014-09-09 00:00:00