Хуралдаан - 2014
Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэл
Монгол Улсад  бизнес, үйлдвэрлэл, хөгжөөд 20-30 жил болж байна. Хөгжингүй орнуудад 100 гаруй жил болж байгаа. Алсын хараатай экспортоор бүтээгдэхүүн үйлдвэрлэх зөв суурийг тавих цаг бол одоо юм. Уул уурхайн нөөц баялаг дуусахаас өмнө бид Монголдоо юу хийх хэрэгтэй вэ?
 
Урт хугацаанд экспортлох брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэс суурийг одоо зөв тавьж эхлэхэд төр засгийн бодлого чиглэх хэрэгтэй. Монгол Улсад байгаа түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгох боломж бидэнд бий.
 
Ирээдүйн брэнд эсгий тавчикнаас эхлэнэ. Чанартай кашмер, ноос ноолуур, арьс – эцсийн бүтээгдэхүүн болгох уу, болгохгүй юу гэдэг өнөөдөр шийдэгдэнэ.  Мөн үйлдвэрлэлийн өртгийг бууруулах бодлого нэн тэргүүн шаардлагатай байна. Ирээдүйд Монгол Улсын нүүр царай, стратегийн ач холбогдол бүхий, түүхий эд, дэд бүтэц шаардахгүй зөвхөн оюунаар мөнгө олдог салбар болох өндөр технологийн  үндэсний компаниудыг дорвитой дэмжих цаг нь болжээ. 
 
Экспорт энэ оны эхний улиралд өнгөрсөн оныхоос 22 хувиар өссөн бөгөөд уг өсөлтийн 21.1 хувийг ашигт малтмалын экспортын өсөлт бүрдүүлжээ. Өөрөөр хэлбэл, үлдэж буй 0.9 хувь нь уул уурхайн бус экспорт. Үүнийг өсгөж, дээрх зөрүүг ойртуулж чадваас эдийн засаг амархан ганхаад байхгүй.
 
Өмнө нь худалдааны өндөр алдагдалтай, түүндээ түүртэж явсан эдийн засаг тэнхэрч, сайн цагийн байдал эндээс эргэж байна. Илааршиж буй гадаад худалдаа өндийж, эдийн засаг амсхийх нь. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр энэ оны нэгдүгээр улиралд гадаад худалдааны алдагдал 9.1 сая ам.долларт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оныхоос 97.7 хувиар буюу 386.8 сая ам.доллараар буурсан үзүүлэлт аж. Өнгөрсөн гурван жилийн турш гадаад худалдаанаас дунджаар 2.1 тэрбум ам.долларын алдагдал хүлээж байсан эдийн засаг энэ улиралд багагүй тохиргоог өөртөө ханшаар дамжуулж хийсэн нь оносон. Тиймээс эдийн засаг урьдын гажиг тогтолцооноос ухарч, гажуудлаа засах гэж мэрийж байна. Энэ нь ам.долларын ханшаар илүү тод илэрч, импортын хамжааргагүй урсгалыг хязгаарлах “зэвсэг” болж өгчээ. Импортын задгай хэрэглээтэй Монголчуудад ханшийн өсөлт таалагдахгүй нь мэдээж. Тэгвэл эдийн засагт ам.долларын ханш өссөн нь нэг талаасаа илүү зохиж байгаа юм. Түүний хүчинд тэнцвэрээ олж, гадаад худалдаа “хур” алдагдлаас богино хугацаанд ангижрах таатай нөхцөл бүрдсэн.
 
Үйлдвэржих, үйлдвэрлэх, нөөц боломжоо ашиглаж, бүтээгдэхүүний гарцаа нэмэгдүүлэх шаардлага бий.
 
Мэдээлэл холбооны технологийн hardware, software, систем интеграци хийдэг компаниудыг дэмжин, компьютер, телевиз, бусад электрон барааг Монголдоо үйлдвэрлэж болно.
 
Үүний тулд:
 
-          Тоног төхөөрөмжийн татварыг чөлөөлөх
 
-          Бүтээгдэхүүний чанарыг сайжруулахад анхаарах
 
-          Далд эдийн засгийг үгүй хийх
 
-          Үндэсний бренд бий болгохдоо, үндэсний хэмжээний судалгаа авах ажил өрнүүлэх
 
-          Мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах
 
-          Түүхий эдээ Монголоос хангах боломжтой үйлдвэрлэлийг энэ тэргүүнд дэмжих
 
-          Малын гаралтай түүхий эдийг боловсруулах
 
-          Уул уурхайн түүхий эдийг боловсруулах
 
-          Техник, технологи оруулж ирэхийг бодлогоор дэмжих
 
Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийг дэмжихэд  “Нэг цонх” ны үйлчилгээний мэдээллийн хангамж хэрэгтэй. Үүний үр дүнд:
 
1.      Монгол Улсын импортолж буй өргөн хэрэгцээний бараа бүтээгдэхүүний тоо, мэдээлэл.
 
2.      Уул уурхайд шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгсэл материалыг дотоодоос  худалдан  авах боломжийг бий болгох.
 
3.      Оюуны өмчийн эрхийг хамгаалан, хүндэтгэн үзэх бүтэц бий болгох.
 
4.      Дотоод үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн худалдан авах бодлогыг идэвхжүүлэх
 
5.      Түргэн хугацаанд босож чадах, Хөдөө Аж Ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг  түлхүү авч үзэх боломж бүрдэнэ.
 
Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлд бизнес эрхлэгчийн авхаалж самбаа маш чухал үүрэгтэй.  Стратегийн ач холбогдолтой мэдлэгийн эдийн засгийг бий болгон оюуны салбар болгох өндөр технологи, мэдээллийн технологийн салбарыг дэмжих хэрэгтэй байна. Мэдээллийн технологи, элэктроникийн үйлдвэрлэлийг бусад салбараас илүү дорвитой дэмжих хэрэгтэй.
 
Нийтэлсэн: 2014-09-08 00:00:00