Хуралдаан - 2014
Монгол Улсын онцлог, харьцангуй давуу тал
Тэргүүлэх оролцогчид:
-          Л.Дашдорж                 Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх, доктор,
-          Х.Золжаргал               Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга,
-          С.Нямзагд                   Доктор, профессор, академич, гавьяат эдийн засагч,
-          Х.Чимэддагва                         Эдийн засагч,
-          Норахито Като           Хаан банкны захирал
-          О.Орхон                      Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч
 
Улс орны эдийн засгийг хөгжүүлэхэд эхлээд суурь технологийг нутагшуулааад, дараа нь ойролцоо технологи руу шилжих нь үндсэн арга зам болохыг бусад орны туршлагаас харж болно.  М.Портерын хэлснээр Монгол Улсад зөвхөн таван салбар бус өөр олон салбаруудыг хөгжүүлэх боломжтой. Гэхдээ чухам аль салбарыг хөгжүүлэхээ бодлогоор сонгож, тууштай ажиллах хэрэгтэй болжээ. Эдийн засгийг төрөлжүүлж, үйлдвэрлэл хөгжүүлнэ гэдэг нь бусад орны туршлагаас үзэхэд таваас гучин жилийн үйл явц байдаг. Хэр зэрэг хурдан, эсвэл удаан байх нь суурь технологио зөв сонгож, үр өгөөжтэй, хурдтай ажиллаж чадсан эсэхээс хамаарна.
RCA буюу илэрмэл давуу талын үзүүлэлтийн, EXPY буюу экспортын сагсны, PRODY буюу бүтээгдэхүүний олон улсын зах зээл дэх орлогын үзүүлэлтийн, мөн бүтээгдэхүүний орон зай, бүтээгдэхүүний ойн шинжилгээнээс үзэхэд ойрын жилүүдэд зах зээлийн жамаар аяндаа хөгжих тийм бүтээгдэхүүн харагдахгүй байна. Өөрөөр хэлбэл, бодлогоор сонгож, тодорхой эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд зорьж ажиллахгүйгээр, зах зээлийн жамаар манайд кластер ч тэр, үйлдвэржилт ч тэр хөгжих боломжгүй нь харагдаж байна.
Дотоодын зах зээлийн багтаамж бага, хөрөнгө оруулагчдад технологид хөрөнгө оруулах сонирхлыг бий болгохгүй байгаа нөхцөлд олон улсын стандартад нийцүүлсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлох баримжаатай ажиллах шаардлагатай. Үүнийг хийхэд багагүй мэдээлэл, хүн хүч, цаг хугацаа, хөрөнгө шаардах учраас бодлого зохицуулалт зайлшгүй хэрэгтэй. Төр, хувийн хэвшил хамтарч стратеги, бодлогоо боловсруулах, ямар чиглэлд хөрөнгө оруулах, технологи, ажиллах хүч бэлтгэхээ тодорхойлох хэрэгтэй юм.
Мал аж ахуйн гаралтай түүхий эдээр уургийн бүтээгдэхүүн боловсруулах боломж Монгол Улсад бий. Манай улс жил бүр арван сая мал нядалдаг. Дайвар бүтээгдэхүүнийг бид ашиглаж чадахгүй хаядаг. Бельги Улс 2’745’000 малын түүхий эдээрээ 127 тэрбум долларын бүтээгдэхүүн, Голланд улс 5’601’000 малын түүхий эдээс 35.1 тэрбум долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Гэтэл 36.3 сая малтай Монгол Улс малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлоод олж байгаа орлого дөнгөж 100 сая доллар байна.
Улсын онцлогоо харгалзахгүйгээр 50 жилийг урьдчилж харах хэцүү. Хоёр хөршөөр хязгаарлагдсан, зах зээл багатай, жижиг эдийн засаг бол манай гол онцлог юм. Дөрвөн улиралтай байгаль бас л манай эдийн засгийн нэг онцлог. Жишээ нь Монгол Улсын оршдог өргөрөгт нар 250 өдөр нь бүтэн тусдаг. Бусад орны дунджаас гийгүүлэлт нь 500 цагаар илүү байдаг онцлогтой юм. Үүнийг сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэхэд хэрэглэж болно.
Ойрын үед уул уурхайн ирээдүй бүрхэг байна. Худалдааны гэрээний үнэ биднээс шалтгаалахгүй худалдан авагчаас, Хятадаас хамааралтай байх төлөвтэй байгаа. Иймд дипломат шугамаар идэвхтэй ажиллах, уул уурхайн гэрээ байгуулах, олон улсын гэрээний эрх зүйн чиглэлээр чадамж бий болгох нь яаралтай, тулгамдсан асуудал болоод байна. Мөн Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай түүхий эд борлуулах асуудлаар тохиролцох хэрэгтэй.
Манай улсын харьцангуй давуу тал бол Органик хөдөө аж ахуйн түүхий эд, уул уурхайн ашигт малтмал юм. Ноос ноолуур, арьс ширээр хийсэн хувцас, органик мах, сүү, ургамал, нүүрс, зэс, төмрийг боловсруулах нь чухал гэж үздэг. Энэ байгалийн нөөцийг ашиглан үйлдвэрлэл эрхэлж, бүтээгдэхүүн гаргах хэрэгтэй. Органик махыг зах зээлд гаргаж, дайвар бүтээгдэхүүнийг боловсруулж чаддаг болох нь багагүй ач холбогдолтой. Түүхий эд, үйлдвэрлэл, борлуулалт, үүн дээр технологи, хүний нөөцийг нэмж байж “Үнэ цэнийн сүлжээ” бий болно. Бодлого, эрх зүйн орчин, санхүү дэд бүтэц ч бас үүнд хэрэгтэй.  Монголын үйлдвэрүүд түүхий эдээ жил бүрийн тодорхой улиралд буюу ганцхан сарын дотор цуглуулж авах хэрэгтэй болдгоос хүндрэл учирдаг. Иймд түүхий эдийг 12 сар тасралтгүй нийлүүлэх систем, санхүүжилт хэрэгтэй байна. Улсын төсвөөс тодорхой хувийг сан бий болгон дэмжихэд зарцуулах хэрэгтэй. Мөн түүнчлэн 32 хувийг нь дипломат арга замаар нээж өгөх хэрэгтэй. Чөлөөт худалдаа, худалдааны гэрээ хэлэлцээр, хорио цээрийг багасгах гэхчлэн хийх ажил олон бий.
Монгол Улсад хөгжих боломж их бий. Энэ нь давуу тал. Одоо бид баян биш, харин баялагтай улс. Хоцрогдол маань давуу тал болж байна. Зөв технологийг шууд оруулж ирж болно.
 
Өнөөдрийг хүртэл эдийн засгийн бодлого макро баримжаатай, ерөнхий бодлогоор буюу төсөв мөнгөний бодлогоор л зохицуулахыг оролдож, тогтворжуулах либераль чиглэлээр явж иржээ. Эрүүл мэнд, боловсролыг бас орхигдуулалгүйгээр салбарын, тусгайлсан тодорхой бодлого боловсруулан ажиллах нь нэн чухал байна. Нөгөөтэйгүүр давуу талыг бас бий болгон хөгжиж болно. Мөн малын гаралтай түүхий эдээс уураг боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр кластер хөгжүүлэх бололцоотой. Нөхөн сэргээгдэх, цэвэр экологийн бүтээгдэхүүнийг боловсруулан, экспортлох нь өндөр ашиг олох боломж байж болох юм. Тиймээс энэ чиглэлээр хөрөнгө оруулах, био технологийн мэргэшсэн ажиллах хүч бэлтгэх шаардлагатай байна. Бодлого зохицуулалт, зориудын дэмжлэг хэрэгтэй.
 
Нийтэлсэн: 2014-04-11 00:00:00