Хуралдаан - 2014
Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт

Тэргүүлэх оролцогчид:

-          Б.Эрдэнэбат    УИХ дахь АН-ын бүлгийн дарга

-          С.Бямбацогт   УИХ дахь МАН-ын бүлгийн дарга

-          Б.Бямбасайхан Бизнесийн зөвлөлийн дарга

Монгол Улсын хөгжлийн тухай үзэл баримтлал нь нэгдмэл цогц бус байна. Тухайлбал, төрөөс баримтлах бодлого, үзэл баримтлал, мастер төлөвлөгөө, стратеги, хөтөлбөр гэх мэтчилэн 590 ширхэг бодлогын баримт бичиг буй аж. Харамсалтай нь улстөрийн тогтворгүй байдал, эрх баригчдын хөдөлгөөн, засаг солигдох үйл явц нь дээрх тодорхойлсон баримт бичгүүдийг цааш нь боловсруулж, үргэлжлүүлэх биш, харин ч эсрэгээрээ бүгдийг нь үгүйсгэж, үгүй хийчихдэг. Энэ гаж тогтолцоо нь цааш хөгжих, хэрэгжүүлэх боломжийг ч хааж орхидог юм.

Өөрөөр хэлбэл сүүлийн жилүүдэд Монгол Улсад улстөржилт нэлээд газар авсан. Олонхи нь хүч түрж, хууль зөрчиж, асуудлаа тулгаж, бодлогоо хэрэгжүүлдэг. Мөн цөөнх нь олонхи болсон үедээ бие биенийхээ саналыг тусгадаггүй байсан гэсэн шалтгаанаар өмнө нь барьж байсан бодлогоо үргэлжлүүлдэггүй, хэрэгжүүлдэггүй, улмаар дахиад өөр шинэ бодлого гаргаж ирээд  үгүйсгэдэг болчихсон нь үнэн. Энэ байдлаар сүүлийн 20 гаруй жил бид явж ирлээ. Одоо зогсоох цаг нь болсон.

Тиймээс Уул уурхай, гадаад харилцаа, мал аж ахуй, газар тариалан, боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц гээд бүхий л салбарыг хэрхэн хөгжүүлэх, өргөжүүлэх асуудлыг тусгасан богино болон урт хугацааны нэгдсэн бодлогын баримт бичгийг батлах нь зайлшгүй асуудал болоод байна.

Уг нь энэ асуудлыг аль 2008 онд ухаарч “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого” гэж Монгол төрийн урт хугацааны, бүхий л нийгэм эдийн засаг, улс төр, засаглалын асуудлыг багтаасан бодлогын бичиг баримтыг УИХ баталсан байдаг. Харин бид үүнийгээ дахиад л хэрэгжүүлээгүй.

Түүнээс гадна дурдахгүй өнгөрөөж болохгүй нэг асуудал бол залгамж чанар. Үүнд, дээр дурдагдсан өмнөх засгийн бодлогыг цааш хэрэгжүүлэх үйл явц хамаарахаас гадна, Төрийн албан хаагчдыг халж, солихгүй байх асуудал багтаж байгаа юм. Үнэхээр сонгуулийн дараа явагддаг энэ ужиг явуулга бий болоод маш олон жил өнгөрөөд буй ч одоог хүртэл өөрчлөгдөхгүй л байгаа. Өөрчлөгдөхгүй биш аль ч нам өөрчлөхийг хүсэхгүй байгаад л хамаг учир оршиж байгаа юм.

Бидэнд өнөөдөр Монгол Улс өөрийгөө хөгжүүлэх хөгжлийн загварыг бий болгох шаардлагатай байна. Харин ингэхийн тулд бүх нам хамтраад баталсан тэр загвар дээрээ тууштай тэмүүлдэг байх ёс суртахууныг бий болгох ёстой. Тиймээс дэлхий дээр АНУ-ын хөгжлийн загвар, Хятадын хөгжлийн загвар, Японы хөгжлийн загвар гээд олон орны загваруудыг судалж, тус загваруудаас яг аль нь Монгол Улсад тохирох вэ гэдгийг нь шийдэх хэрэгтэй. Ингээд загвараа бий болгосны дараа эдийн засаг, засаглалаа хэрхэн тогтвортой, тодорхой болгохыг шийдэх нь зүй. Улмаар салбар, салбар луу ямар бодлого барихыг тогтоох нь оновчтой юм.
 

Нийтэлсэн: 2014-04-24 00:00:00