Хуралдаан - 2014
Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба бизнес

Тэргүүлэх оролцогчид:

-          Ч.Өнөрбаяр                Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх

-          Н.Лүндэндорж            Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга

-          М.Батсуурь                 Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч

-          Д.Батсүх                     Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч

-          Б.Амарсанаа               ХЗҮХ-ын дэд захирал

-          Б.Ганбаатар                Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч

-          У.Даш                                     Монгол Газар ХХК-ийн Гүйцэтгэх захирал

 

Шударга шүүхгүй газар үндэсний баячууд нь өөрийн орондоо итгэх итгэлгүй болдог. Тийм учраас гадаадад мөнгөө байршуулах явдал их. Адам Смит “хараат бус шүүх, чөлөөт худалдааг бий болгох нь хамгийн чухал асуудал бөгөөд ямар засгийн газар, парламенттай байх нь үүнд чирэгдэж явдаг юм” гэсэн байдаг. 200 жилийн өмнө хэлсэн энэ үг Монголын эдийн засаг, хууль шүүхийн тогтолцоонд тод харагдаж байна. Ийм чухал асуудал үүссэн учир МУ-ын ерөнхийлөгч шүүхийн шинэтгэлийг эхлүүлсэн. Шүүхийн багц 5 хуулийг баталж, МУ шүүх эрх зүйн салбартай болсон. Мөн эвлэрүүлэн зуучлалын хуулийг гаргаснаар шүүхийн бус журмаар маргааныг шийдвэрлэх тухай хууль үйлчилж эхэллээ. Энэ нь шүүхийн хүнд сурталт шат дамжлагыг тойрох боломжийг олгож шүүгчийн ачааллыг бууруулах ач тустай, бизнес эрхлэгчдэд хэргээ хурдан шийдүүлэх нөхцлийг бүрдүүлж байгаа юм.

Үүнээс гадна хуулийн сургуульд зөвхөн хууль л зааж байна. Шүүхээр хүний амьдралын бүх асуудал орж ирдэг. Тийм учраас шүүгч хүн сэтгэлгээний өндөр мэдлэгтэй байх үүднээс эдийн засгийн, татварын, генетикийн бүр цаашлаад гэр бүлийн мэдлэг эзэмшсэн байх хэрэгтэй. Хуулийн шинэчлэлийг хийхдээ хуульч бэлтгэж байгаа боловсролын системдээ шинэчлэл хийж харилцан уялдаатай ажиллах нь зүйтэй юм.

Бизнес эрхлэгчдийн хувьд хууль эрх зүйн таатай орчин нь хамгийн чухал үзүүлэлт болж өгдөг. Ялангуяа гадаадын хөрөнгө оруулалтыг татах асуудал дээр эрх зүйн орчин тэргүүн шалгуур болно. Мөн манай улс уул уурхайн салбарт ихээхэн анхаарлаа хандуулах болсон. Тиймээс шүүхийн шинэчлэлтэй холбоотойгоор ашигт малтмал, газартай холбоотой маргааныг дотоодын шүүхээр шийддэг байх нь дотоодын бизнес эрхлэгчид болон хувиараа аж ахуй эрхлэгчдэд маш таатай нөхцөл байдал үүсгэх юм.
 

Нийтэлсэн: 2014-11-12 17:18:01