Хуралдаан - 2014
2014 оны онцлох таван эрсдэл

 С.Болд                                    Монгол банкны Ерөнхийлөгчийн зөвлөх

-          С.Жавхланбаатар       Гадаад хөрөнгө оруулалтын газрын дарга

-          Б. Ган-Очир                Ерөнхий сайдын зөвлөх

-          Б.Үнэнбат                   Ньюком ХХК-ийн гүйцэтгэх захирал

 

-Хөрөнгө оруулалт-Мөнгөний урсгал

Хамгийн ойлгомжтой байгаа зүйл нь гадны томоохон хөрөнгө оруулагчид Монгол Улсад уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр л мөнгө өгөх сонирхолтой байгаа. Харин биднийг тэжээнэ гэх Оюутолгойн далд уурхайн үйл ажиллагаа идэвхжихгүй бол хөрөнгө оруулалт өмнөх жил шиг уналтад байх нь гарцаагүй юм. Мөн хөрөнгө оруулалтын эрсдэлийг гадаад болон дотоод гэж ангилах нь зүйтэй.

Сая батлагдсан Хөрөнгө оруулалтын болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль хангалтгүй гэж үзэж байна. Тодруулбал, зөвхөн уул уурхай гэсэн том эдийн засгийн эргэлтээс гадна бусад салбарт дотоод, гадаад хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах нь зүйтэй. Энэ хүрээнд нэгдсэн суурь хуулийн концепцидоо өөрчлөлт оруулан, бусад сарбарт чиглүүлэх хууль, эрхзүйн орчныг тодорхойлох хэрэгтэй.

-Нүүрсний үнэ-Уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт

 Эдийн засгийн өсөлтийн удааширлыг нүүрсний үнийн бууралттай холбон тайлбарладаг болоод удлаа. Мэдээж энэ нь урд хөршийн нүүрсний эрэлт багасч буйтай холбоотойгоос гадна Австралийн нүүрсний их урсгал Хятад руу чиглэсэнтэй уялдаатай юм. Энэ байдал 2014 онд ч үргэлжлэх нь.

Асуудлаас гарах арга замыг төмөр замтай шууд холбож болно хэмээн хувийн хэвшлийнхэн үзэж байна. Нөгөө талдаа 99 хувийн түүхий эд экспортолж, 95 хувийн эцсийн бүтээгдэхүүн авдаг гэсэн “муу” судалгаатай манай орны хувьд уул уурхайн ашигт малтмал боловсруулах олон төрлийн үйлдвэрийг барьж байгуулах шаардлагатай байгаа юм. Энэ нь эдийн засгийн хувьд ч, хөрөнгө оруулалтын хувьд ч хөрөнгөжих боломжийг бүрдүүлнэ.

Төрийн зүгээс хувийн хэвшлээ дэмжих гэсэн ганц бодлогоо баримтлан компаниудын үйл ажиллагаанд оролцолгүй хариуцлага, бүтээл гэх мэт бусад бүх зүйлийг өөрсдийнх нь гарт атгуулах хэрэгтэй.

-Төрийн тогтворгүй байдал-Бодлогын залгамж халаа

Манай улс бол ардчилсан улс. Иймдээ ч бид өөрсдийн сонголтоор эрх барих намыг гаргадаг. Харамсалтай нь эрх барьж буй намууд маань нэг нэгнийхээ ажлыг үгүйсгээд байх шиг. Гэхдээ Монгол улсын хөгжлийн бодлогын залгамж халаа хаана байна вэ гэдэг асуудал дээр намууд маань нэг байр сууринд хүрчээ. Бид Монгол улсын хөгжлийн нэгдсэн бодлогын баримт бичгийг батлах ёстой. Ингэснээр Монгол улс бол төрийн тогтвортой байдалтай гэдгээ харуулах боломжийг бүрдүүлж байгаа юм.

Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг, Хөрөнгө оруулалтын хуулиуд, алтны татварын орчин гээд хэрэгтэй гэсэн хуулиудаа баталж, гадныханд тогтвортой байдлын эхлэлээ мэдрүүлсэн.Үүнтэй зэрэгцээд дотоодын хөрөнгө оруулагч болон бизнес эрхлэгч, төсвийн гол орлогыг бүрдүүлэгч хувийн секторуудад шударга нэгдсэн гараанаас зэрэг гарах боломжийг өгөх нь юу юунаас илүү чухал зүйл юм. Энэ мэтчилэн хаа хаанаа хэлдэг шударга тогтолцоо бий болвол бидний хүсээд байгаа өсөлт гэсэн үг жинхэнэ утгаараа биелэх нь гарцаагүй.

-Засгийн газрын өр

Аливаа улсын өрийг хэмжих үндсэн арга нь дотоодын нийт бүтээгдэхүүний дүнтэй өрийн хэмжээг харьцуулан хувиар илэрхийлэх. Өөрөөр хэлбэл урьд зээлж авсан мөнгө чинь энэ жил бүтээж байгуулсан орлогоос хэр зөрүүтэй байна вэ гэдгээс их, багын тухай яригдах юм. Монгол Улс 2013 оныг ДНБ-ийн 63 хувьтай тэнцэхүйц их өртэй угтжээ. Ингэтлээ өндөр дүнтэй гарсан нь Чингис бонд гаргасантай холбоотой бөгөөд үүнээс урьд улсын өр хэвийн хэмжээнд байсан. МАН-ын үзэж байгаагаар Монгол улсын өр хуульд заасан хэмжээнээс давж гарсан гэж байгаа бол Засгийн Газар хуулийн хэмжээнд нийцэж байгаа гэх байр суурийг илэрхийлж буй. Сангийн сайд Ч.Улаан улсын өнөөгийн өрийг ДНБ-ийн 49.7 хувьтай тэнцүү, хуулиар тогтоосон хэмжээнд гэж ярьж байгаа. Тэгвэл хуульд зааж өгснөөр Монгол Улс өрийн хэмжээгээ хэдэн хувьд барьж тогтоох ёстой вэ.

Төсвийн тогтвортой байдлын тухай хууль 2006 оны зургадугаар сард батлагдаж, хэрэгжиж эхэлсэн. Тэгэхдээ тус хуульд Монгол улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 40 хувиас илүүгүй өртэй байж болно хэмээн заажээ.

Хэрвээ төсөв, мөнгөний зөөлөн бодлого баримталбал уул уурхайн салбарын өсөлтөд нөлөөлөхгүй ч, уул уурхайн бус салбарт хүчтэй нөлөөлнө. Энэ онд уул уурхайн бус салбарын өсөлт 8 хувь байх ч, дунд хугацаанд буурч 2015 онд 5 хувь, 2018 он гэхэд бүр 1 хувь болтлоо буурах төлөвтэй байна. Мөн төгрөгийн ханш үргэлжлэн суларч инфляци хатуу бодлого барьснаас даруй 3-4 хувь өндөр байх болно. Гэхдээ дунд хугацаанд 5.5 хувь хүртэл буурч болох юм.

Тиймээс шийдэмгий алхам хийж хатуу бодлого явуулж төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа баримтлахыг сануулсаар байгаа. Хуулиа баримталснаар төлбөрийн тэнцлийн дарамт буурч, өрийн зохистой харьцаа сайжирах бололцоотой юм.

-Хүний нөөц

Хүний нөөц гэх шинжлэх ухаан эдийн засгийн өсөлт, хөгжилд маш чухал нөлөөтэй. Тодруулбал, компаниуд чадварлаг хүний нөөцийн бодлого хэрэгжүүлж, хүний капиталыг ашигласнаар үр ашгаа нэмэгдүүлэх, улмаар улсад төлөх татвараа нэмэгдүүлнэ. Мөн илүү олон ажлын байр бий болгох, компанийн урт хугацааны, тогтвортой өсөлтийн гол “түлхүүр” нь яах аргагүй хүний нөөц болдог. Тиймээс Монгол улсад хүний нөөцийн талаарх бодлогыг шат шатандаа онцгой анхаарах шаардлагатай. Бид уг асуудал дээр анхаарал хандуулснаар чадварлаг боловсон хүчинг бэлтгэн гаргаж түүнээс хүртэх ашгаа нэмэгдүүлэх боломжтой юм.

 

Нийтэлсэн: 2014-04-18 00:00:00