Хуралдаан - 2014
Монголын хөгжлийн хувилбарууд

Монгол улсын хөгжлийн ирээдүйг харахын тулд зайлшгүй хамгийн том хөрш мөн хамгийн том зах зээл болох Хятадыг анхаарах шаардлагатай

-Цэнхэр эдийн засаг буюу бүс нутгийн сэргэн мандалт

Зүүн хойд Азид улс төрийн интеграцичлал идэвхжиж, эдийн засаг бэхжин хөгжинө. Энэ нь Монголд уул уурхайн гол нэрийн бүтээгдэхүүнүүдээ ашигтайгаар борлуулж, эдийн засгаа төрөлжүүлэх боломжийг олгохоос гадна экспортын орлогоо оновчтойгоор зохион байгуулж, эдийн засгийн хэт халалт, нийгмийн тогтворгүй байдлаас урьдчилан сэргийлэх шаардлагыг бий болгох юм.

Хятадад хотжилт эрчимтэй үргэлжилж, Хойд Солонгос зэрэг орнуудад эдийн засгийн хөгжил түргэссэнээс үүдэн Монголын зэс, коксжих нүүрсний эрэлт өндөр байх нь гарцаагүй. Үүнээс үүдэн Монгол Улс худалдааны тэнцлээ сайжруулж, төсвийн орлогоо өндөр түвшинд гаргах юм.Мөн Монголоос худалданавагчдын хүрээ ч тэлнэ. Эдгээрийг уул уурхайн салбараас олсон орлоготой хослуулснаар Монгол Улсад газрын тос, байгалийн хий боловсруулах үйлдвэр, уул уурхай, санхүүгийн үйлчилгээ, аж үйлдвэрийн түвшний хөдөө аж ахуй, бөс барааны үйлдвэрлэл зэрэг бусад салбар руу эдийн засгаа төрөлжүүлэх боломжийг олгож байна.

Энэ зураглал нь нэг талаас Монгол Улсыг эдийн засгаа төрөлжүүлэх боломж олгож буй хэдий ч нөгөө талдаа “голланд өвчин”-д өртөх эрсдлийг бий болгож болох юм.Уул уурхайн гэнэтийн орлого валютын ханшид байнга дарамт болох учир уул уурхайгаас бусад салбарын өрсөлдөх чадвар нөлөө үзүүлэхгүй гэх үндэсгүй. Тиймээс болгоомжтойгоор нарийн менежмент хийх шаардлагатай.

-Ногоон эдийн засаг буюу Хятад “ногоорох нь”

Монголын эдийн засгийн гол “хамтрагч” нь урд хөрш буюу Хятад улс. Хүрээлэн буй орчныг хамгаалах үзэлд хувьсгал гарснаар Хятад улс “тойрог эдийн засаг”-ийн загвараар манлайлагч болж, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлнэ гэж мэргэжилтнүүд онцолж байна. Энэ нь манай улсын уул уурхайн гол нэрийн бүтээгдэхүүний эрэлтийг буурахад хүргэж магадгүй ч “ногоон” бүтээгдэхүүн, үйлчилгээг төрөлжүүлэх боломжийг бий болгох юм.

Хятад улс бохирдол дагуулсан гангийн үйлдвэрлэлээ коксжих нүүрсний дотоодын нөөцтэй бусад оронд шилжүүлж эхэлнэ. Уул уурхайн ажиллагаа хүрээлэн буй орчин, нийгэм соёлын хэм хэмжээтэй нийцэх ёстой гэсэн нийгмийн хүлээлт нь нүүрс, зэсийн үйлдвэрлэлийн зардлыг өсгөх ба “тойрог эдийн засгийн” загварт шилжсэнээр эрэлт буурах болно.

Гэсэн хэдий ч Хятад “ногоорсноор” Монголд эдийн засгаа төрөлжүүлэх шинэ боломж нээгдэнэ. Мөн бизнесийн таатай орчинтой золгосон жижиг дунд үйлдвэрлэл, дотоод болон гадаадад шинээр бий болж буй эрэлтийг хангах чиглэлээр ажиллаж, бүгдэд ижил тэгш хүртээмж бүхий өсөлтийн загварыг баримтлах боломжтой болно. Эрүүл мэнддээ илүүтэй анхаарах үүднээс Хятадын дундаж давхаргын худалдан авагчдын органик, байгалийн гаралтай бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлага нь Монголд таатай боломж олгох ба бүс нутгийн эко аялал жуулчлалыг хөгжүүлэх гарцыг үүгээр нээж болох юм.

Монгол Улс нь өндөр чанар бүхий органик хүнсний бүтээгдэхүүн экспортлогч, онгон тансаг байгалиа хамгаалж, чадсаны үр дүнд аялал жуулчлалын гол цэгүүдийн нэг гэсэн байр сууриа баттай эзэлнэ.

Түүнээс гадна салхин сэнс, цахилгаан автомашины үйлдвэрлэлд өргөнөөр хэрэглэгддэг газрын ховор металлын эрэлт мөн өснө. Ингэснээр техник технологийн бүрэлдэхүүн хэсгүүдийг үйлдвэрлэх боломж ч бүрдэх юм. Хэдийгээр бүс нутаг “ногоорох” ч, энэ нь Монголыг эсрэг чигт түлхэх эрсдэлтэй. Тухайлбал, газрын ховор металлын олборлолт нь нарийн төвөгтэй бөгөөд ихээхэн бохирдол үүсгэдэг учир хүн ам шигүү суурьшсан зарим орон энэ үйлдвэрлэлээс зайлсхийдэг. Тиймээс Монголын төр бохир боловч ашигтай уул уурхайг дэмжигч хэсэг болон байгаль орчноо хамгаалж үлдэх гэсэн хүмүүсийн хоорондын зөрөлдөөнийг намжаах шаардлагатай болно.

-Шар эдийн засаг буюу Баялгийн хямрал

Бүс нутагт геополитикийн хямрал газар авч, байгалийн баялгийг улстөрийн явцуу сонирхлоор ашигласнаас үүдэн худалдааны нөхцөл байдал хүндэрнэ. Монгол Улс эрдэс баялгаа боловсруулан нийлүүлэх зах зээл, санхүүгийн эх үүсвэр олох боломж хумигдах хэдий ч бүс нутгийн бусад орны хүндэтгэлийг хүлээсэн, төвийг сахисан байр суурь бүхий хөрш улсын байр сууриа бататгах боломжийг бүрдүүлнэ.

Монголын хувьд уул уурхайн төслүүддээ тогтвортой, урт хугацааны санхүүгийн эхүүсвэр олох, уул уурхайн орлого, ажлын байраа эрсдэлд оруулахгүйн төлөө хүчин чармайлт гаргах болно. Үүний зэрэгцээ эдийн засгийн төрөлжилтийг хангах санхүүжилтийн эх үүсвэр ч мөн олдох боломжгүй байна. Бусад орнуудын боловсруулаагүй түүхий эрдэс баялаг импортлон, дотооддоо боловсруулж, хүн амаа ажлын байраар хангах сонирхолтой байх тул байгалийн баялгаа боловсруулах Монголын эрмэлзэл гацаанд орно.

Улмаар хөрш орнуудын хооронд үүссэн маргаан нь худалдаанд байнга сөргөөр нөлөөлж, аюулгүй байдлаар шалтаглан хил түр хаах, амдан барьцсан худалдааны тариф, хоригуудыг тогтоох нь элбэгшинэ. Үүний дүнд бий болсон эмзэг бөгөөд найдваргүй өсөлт нь Монголд нийгмийн тогтворгүй байдал үүсгэх нөхцөл болж, ард иргэд төрийн холбоог сулруулах эрсдэл бий болгож болзошгүй.

Хэдийгээр энэ хувилбар Монголын хувьд ихээхэн хүндрэлтэй боловч боломжууд мөн оршин байх юм. Тухайлбал, Монгол Улс бүс нутагтаа газрын ховор металл нийлүүлэгчээр хүлээн зөвшөөрөгдсөн байна.

20 жилийн өмнөх Монголын эдийн засаг нэг тэрбум ам.долларын л багтаамжтай байсан бол өнөөдөр 10 тэрбум ам.доллар болсон байгаа. 10 дахин өссөн гэсэн үг. Тэгэхээр одоогийн хурдаараа дараагийн 20 жилд явбал, Монголын эдийн засгийн багтаамж маань 10 тэрбум ам.доллараас 80 тэрбум ам.доллар болж 70 тэрбумаар нэмэгдэх юм. Нэг хүнд ногдох ДНБ-нээр тооцвол бараг Өмнөд Солонгосын төвшинд оччихсон байх төлөвтэй. Гэтэл энэ төвшинд очиход бидэнд бодлогын асар том өөрчлөлтүүд хэрэгтэй болно. Нүр их хөдөлмөр мөн нүсэр их ажлыг бид хийх ёстой болно. Наад зах нь боловсрол, мэдлэг, хөдөлмөрийн бүтээмж гэдэг ойлголтууд маань одоогийн бидний мэдэж байгаагаас хэд дахин өөрчлөгдөх ёстой. Үнээс гадна БНХАУ манай хамгийн том зах зээл. Дэлхийн бүх улс энэ улстай худалдаа хийдэг. Тэгвэл Хятад улсын дундаж давхарга нь олширч улам чинээлэг боблж байгаа нь хамгийн том өөрчлөлт юм. Манай улсын хувьд ч уг дундаж давхаргад нь зориулсан уул уурхайн бүтээгдэхүүнийг зарсаар л байна. Сүүлийн 10 гаруй жилийн турш тасралтгүй нийлүүлсээр байгаа нь нийт экспортын бараг 98 хувийг дан ганц уул уурхайн бүтээгдэхүүн эзлэхэд хүргээд байна. Энэ нь өөрөө манай эдийн засгийг аюултай, хэврэг байдалд ороход нөлөөлж байгаа юм. Тэгэхээр бид цаашдаа эдийн засгийг төрөлжүүлэх нь зайлшгүй хийх ёстой зүйл хэмээн тодорхойлж болно. Ялангуяа 10 тэрбум доллараас 80 тэрбум руу очих гэж байгаа Монголын эдийн засгийг төрөлжүүлнэ гэдэг дээр бодлогын хамгийн том өөрчлөлтүүдээ хийх ёстой.
 

Нийтэлсэн: 2014-04-10 00:00:00