Чуулган мэдээ - 2013
Монгол Улсын хөгжлийн ирээдүйн асуудлаарх стратегийн хэлцэл

“Монгол Улсын хөгжлийн ирээдүйн асуудлаарх стратегийн

хэлцэл” сэдэвт дугуй ширээний уулзалт 9 дүгээр сарын 14, 15-нд болно

Дэлхийн эдийн засгийн чуулга (Давост зохион байгуулдаг Дэлхийн эдийн чуулга уулзалтаараа алдаршсан байгууллага) нь дэлхий дахинд тулгараад байгаа хамгийн чухал асуудлуудын талаар томоохон компаниудын удирдлагууд, олон улсын улс төрийн лидерүүд, сонгогдсон эрдэмтэд, иргэний нийгэм болон сэтгүүлчдыг оролцуулж санал бодлыг нь сонсож, хэлэлцэн дэлхийн эдийн засгийн ойрын болон хэтийн төлвийг тодорхойлдог олон улсад нэр хүндтэй байгууллага юм. Тухайн жилд Давост хэлэлцсэн асуудлууд орон болгоны бодлогт тусгагддагаара онцлогтой. Үүний зэрэгцээ Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт нь бүс нутгийн форумуудыг жил бүр зохион байгуулдаг.

Сүүлийн жилүүдэд манай улс тус байгууллагатай идэвхитэй хамтран ажиллаж, олон улсын болон бүс нутгийн өндөр түвшины арга хэмжээнүүдэд оролцож ирсэн. Хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор2013 оны нэгдүгээр сард харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Үүгээр Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт, бүс нутгийн арга хэмжээнд идэвхитэй оролцох, “Зүүн Азийн асуудлаарх Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт”-ыг ойрын жилд Монгол Улсад зохион байгуулах боломжийг эрэлхийлэх, “Монгол Улсын хөгжлийн стратегийн хувилбар” судалгаа боловсруулж, Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт ба Монгол Улсын Стратегийн хэлцэл сэдэвт олон талт дугуй ширээний уулзалтаар хэлэлцүүлэх зэрэг тодорхой асуудлуудыг тусгасан болно.

Дэлхийн эдийн засгийн чуулга нь “Монгол Улсын хөгжлийн стратегийн хувилбар” судалгааны хүрээнд явуулсан дотоод, гадаадын 150 гаруй удаагийн ярилцлага, асуулга, мэдээллийг үндэслэн манай улсын 2040 он хүртэлх хөгжлийн стратегийнхувилбарын төсөл боловсруулах юм. Тус байгууллагын Стратегийн бодлогын багийнхан энэ төслийг Улаанбаатар хотноо 9 дүгээр сарын 15-нд танилцуулж төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөгчдийн санал бодлыг сонсох юм.

Өмнө нь зөвхөн ОХУ-ын улсын стратегийн хувилбарыг боловсруулсан бөгөөд Монгол Улсыг хоёр дахь орноор сонгон уг төслийг хэрэгжүүлж байна. Дугуй ширээний уулзалтын үр дүнг 2014 оны нэгдүгээр сард Швейцарийн Давос хотноо болох Дэлхийн эдийн засгийн 44 дэх удаагийн чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд танилцуулах юм.

Дугуй ширээний уулзалтад дотоод гадаадын 150 гаруй төлөөлөгч оролцоно.Үүнээс 30 гаруй улсын төр, иргэний нийгэм, хувийн хэвшил, олон улсын байгууллага, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид бүртгүүлсэн байна. Тус дугуй ширээний уулзалтын хүрээнд усны нөөц, хариуцлагатай уул уурхай, авилгын эсрэг түншлэлийн асуудлаархи дагавар хуралдаанууд 9 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулагдана.

Нийтэлсэн: 2013-09-12 00:00:00