Чуулган мэдээ - 2013
Эдийн засгийн төрөлжилт - Голланд өвчнөөс сэргийлэх нь

МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН

2013 ОНЫ 3 ДУГААР САРЫН 4-5

Нидерландын Вант Улсын Ерөний сайд асан

ноён Вим Кокийн хэлсэн үг

 

Эдийн засгийн төрөлжилт - Голланд өвчнөөс сэргийлэх нь

 

 

Эрхэм хүндэт ноёд, хатагтай нараа,

 

Монголын Эдийн Засгийн Чуулганд уригдан ирж, үг хэлэх завшаан тохиолдож байгаад гүнээ талархаж байна. Өөрийн туршлага, санал бодлоо та бүхэнтэй хуваалцах болсонд маш таатай байна.

Сүүлийн 13 орчим жилийн хугацаанд Нидерландын Вант Улсын засгийн газарт Сангийн сайд, Ерөнхий сайдын албыг хашиж байсныг минь та бүхэн мэдэх байх. Сүүлийн 10 жилийн хугацаанд манай хоёр орны харилцаа улам нягт, олон талт болж байгааг тэмдэглэн хэлэхэд маш таатай байна.

Миний хувьд Монгол Улсад анх удаагаа ирж буй нь энэ бөгөөд сүүлийн 20 жилийн хугацаанд танай орон олон нам бүхий ардчлалыг хөгжүүлэхийн зэрэгцээ улс орны эдийн засаг нь цэцэглэн хөгжиж байгааг харахад үнэхээр гайхалтай байна. Хүн амын нэн ядуу байдал буурч, бүс нутгийн тэнцвэргүй байдал аажмаар өөрчлөгдөж байгаагаас тэрхүү эерэг үр дүнг харж болохоор болжээ. Тиймээс эрүүл мэнд, боловсрол, нийгмийн үйлчилгээ, ядуурлыг бууруулах зэрэг Мянганы хөгжлийн зорилтуудад хүрэх боломж бүрдэж байгааг харж болох юм.

Үүнээс гадна дараагийн 5 жилд голчлон ашигт малтмалын олборлолтоос үүдэлтэй, жилийн хоёр оронтой тоогоор хэмжигдэх эдийн засгийн гайхалтай өсөлтийн үед орж байгааг тэмдэглүүлштэй юм. Энэ үед ДНБ-д уул уурхайн эзлэх хувь 20%-д хүрэх төлөвтэй байгаа нь 10 жилийн өмнөхтэй харьцуулахад 2 дахин өссөн байх юм. Үр дүнд нь ажил эрхлэлт ба амжиргааны түвшин өснө гэдэг нь эргэлзээгүй. Гэвч нэг зүйлийг нэмж хэлмээр байна. Миний бодлоор эдийн засгийн эрчтэй өсөлт нь, ялангуяа ашигт малтмалын олборлолттой холбогдсон тохиолдолд сайны хажуугаар маш их эрсдлийг дагуулж байдгийг мартаж болохгүй.

Энэхүү сорилтыг дэлхийн бусад ашигт малтмал, байгалийн нөөц баялаг ихтэй орнуудын нэгэн адилаар Монгол туулж гарах хэрэгтэй болоод байна. Гадны хөрөнгө оруулалт, валютын урсгал нь ханш болоод цалин хөлс зэрэг худалдааны бус бараа үйлчилгээнд нөлөөлж үнийг өсгөснөөр инфляцид хүргэдэг. Үүний үр дүнд нэг талаас экспорт импортын компаниудын өрсөлдөх чадварыг бууруулах ба нөгөө талаас хүн амын ихэнх бүлгийн амжиргааны өртгийг нэмэгдүүлдэг. Дэлхий нийтийн туршлагаас харахад Монгол шиг байгалийн баялаг ихтэй орнуудолборлолт явуулж эхлэх үедээ хэдий удирдан зохицуулах систем сайтай байсан ч энэхүү “Голланд өвчин” хэмээн нэрлэгддэг нөхцөл байдалтай тулгарч байсан байна.

Энэ удаад би та бүхэнтэй 1960-аад оны эхэн үед Нидерландад томоохон байгалийн хийн орд газар илрүүлсний дараа бий болсон нөхцөл байдлын талаархи өөрийн туршлагаа хуваалцъя гэж бодлоо. 1973 ба 1979 онд газрын тосны үнийн шок болоход Голландын нийгмийн даатгалын системд оруулах хувь нэмрийг хэт өсгөснөөс болж цалин хөлсөнд нөлөөлдөг шууд бус зардлууд өссөн нь тухайн үеийн уламжлалт экспортын салбарын өрсөлдөх чадварыг бууруулан үйл ажиллагааг нь үр ашиггүй болгож байлаа.

Капиталд эзлэх орлогын хувь 1970 онд 17% байснаас 10 жилийн дараа гэхэд 6% болж буурсан. Аж үйлдвэрлэлийн жилийн дундаж өсөлт 1970-аад оны эхэн хагаст 4.2% байсан бол сүүлийн хагаст нь 0.7% болж буурсан юм.

Эдгээр нь зөвхөн байгалийн хийн олборлолтоос шалтгаалаагүй. 1970-аад оны сүүлд үед дэлхий нийтээрээ эдийн засгийн хямралд ороод байсныг дурдахгүй өнгөрч болохгүй. Харин энэ хямралын үед улсын зардал өссөөр байсан ба халамжийн түгээлт ч даган өсч байжээ.

Голландын засгийн газрын хувьд нэгэнт экспортын орлого өсөх нь баталгаатай байсан тул нийгмийн салбартаа илүү их хөрөнгө зарцуулахгүй байхын аргагүй байжээ. Тус зардал нь 1970 онд ДНБ-ий 45%, 1982 онд 66%-г тус тус эзэлж байсан. Үүний үр дагварт төсвийн алдагдал огцом өссөн. Төрийн салбарын өсөлтийн нийт ажиллагсдын тооны өсөлтөөс харж болох ба түүнтэй зэрэгцэн хувийн салбарын ажил эрхлэлт улам буурсаар байсныг тоо баримт гэрчилнэ.

Товчдоо өндөр инфляци, цалингийн өсөлт, өрсөлдөх чадварын сулралт, өнөөдрийн болоод ирээдүйн олборлолтын орлогыг ашигласнаас үүдэх төсвийн алдагдлын өсөлтийн нийлбэрийг “Голланд өвчин” гэдэг. Ихэнх аж үйлдвэрүүд үйлдвэрлэлээ багасгаж, зарим нь бүр хааж, ажилгүйдэл тэр дундаа залуусын ажилгүйдэл маш өндөр түвшинд хүрсэн. Ийм байдал цааш үргэлжилж болохгүй ба зөвхөн уламжлалт бус арга хэрэгслүүд л тус байдлыг зогсоох боломжтой байдаг.

Энэ үед, тодруулбал 1980-аад оны эхээр би Нидерландын хамгийн томд тооцогдох үйлдвэрчний эвлэлийн даргаар ажиллаж байлаа. Тиймээс би өөрийн гишүүд болох ажилчид, тэдний гэр бүлийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй байсан юм. Гэвч тэднй ихэнх нь нэг бол ажлаа алдаж байгаа эсвэл бүр аль хэдий нь ажилгүй болсон байснаас гадна манай нийгмийн халамжийн системийн тогтвортой байдалд эрсдэлд орчихсон байлаа. Миний итгэж, бахархаж явсан, олон арван жилийн турш нөр их хүчин зүтгэлээр бий болгосон, Дани, Финланд, Швед, Норвеги, Герман зэрэг улсуудын нийгмийн халамжийн системтэй эн зэрэгцэхүйц, үр өгөөжтэй нийгмийн хамгааллыг бидэнд өгч байсан тэрхүү системд эдийн засгийн бууралт аюул занал учруулж байгааг харах хэрэгтэй болсон юм.

Энэхүү нөхцөл байдлыг сайжруулахын тулд Голландын засгийн газар цалинг хуулиар зохицуулж эхэлсэн. Мөн үйлдвэрчний эвлэлүүд ч зүгээр суулгүй ажил хаялт, эсэргүүцлийн жагсаал зэргийг зохион байгуулж байсан. Гэвч эдгээр бүхий л арга хэрэгсэл, хичээл зүтгэл талаар болж нийгмийн байдал улам л бүүдгэр, шийдвэрлэх боломжгүй мэт байдал уруу улам гүн гүнзгий орж байлаа.

1982 оны сүүл гэхэд Засгийн газраас дахин нэрлэсэн цалин, нийгмийн халамжийн хэмжээг тогтоох хууль зүйн арга хэмжээг авсан. Тухайн үед би ажил олгогчдын холбоотой шууд хэлэлцээр хийхээр шийдсэн. Энэхүү хэлэлцээрээр цалинг тогтвортой байлгахын зэрэгцээ ажлын байрыг тотворжуулахын тулд ажлаа хуваан хийх байдлаар ажлын цагийг бууруулах, ажилгүй залуусыг сургах боломжийг бий болгохыг зорисон.

Энэ хэлэлцээрийг “Вассенаарын хэлэлцээр” гэж нэрлэдэг ба эхэн үедээ үйлдвэрчний эвлэлийн гишүүд, ажилчдын дунд тийм ч их дэмжлэгийг олж чадахгүй байлаа. Учир нь тэд урт хугацааны үр өгөөжийг хүртэхийн тулд тухайн үед өөрийн худалдан авах чадварт нөлөөлөх хэмжээний алдагдлыг үүрэх хэрэгтэй байсан ба хэзээ нэгэн цагт тэрхүү хүчин чармайлтын үр өгөөжийг бий болно гэж найдан хүлээх хэрэгтэй болно.

Энэхүү хэлцэлд ихэнх намайг дэмжсэн гол шалтгаан бол улам муудаж буй нийгэм эдийн засгийн орчинд юу ч хийхгүй байх нь боломжгүй зүйл байсанд оршино. Одоо эргээд харахад бидний хэлэлцээр аажим аажмаар үр өгөөжөө өгч байгааг харж болно. Өнөөдөр ажлын байрны тоо нэмэгдэж, бодит орлого өсөн зарлага ихтэй нийгмийн халамжийн системийн тотвортой байдлыг бий болгож байна.

Мөн компаниудын ашигт ажиллагаа болоод өрсөлдөх чадвар сайжран нийгмийн амгалан тайван байдал сэргэн ажиллах хүчин ч илүү хүсэл тэмүүлэлтэй болсон байна. “Голланд өвчин” 1990 оны дунд хүртэл үргэлжилсэн ба бид энэхүү нөхцөл байдлыг амжилттай даван гарч “полдер модел” хэмээн нэрлэгдэх болсон. Энэхүү загварын гол үзэл нь төсвийн уламжлалт үзэл, зохицуулалт хийгддэг бөгөөд сайн дураар зохицуулалтыг хүлээн авах цалингийн систем, зохих этгээдэд чиглэсэн нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн зах зээлийн шинэчлэлд оршино.

Намайг анх ерөнхий сайд болж байх үед буюу 1995 онд “flexicurity” гэж нэрлэгдсэн шинэлэг системийг хөдөлмөрийн зах зээл дээр хэрэгжүүлж эхэлсэн юм. Тус систем нь уян хатан байдал ба нийгмийн халамжийн зохистой харилцааг бүрдүүлэх дээр тулгуурладаг. Энэ шинэлэг системийг нэвтрүүлснээр манай улс Европ тивдээ ажил эрхлэлт ба хөдөлмөрийн зах зээлийн оролцоогоороо тэргүүлэх орнуудын нэг болж чадсан.

Энд онцлон хэлэхэд бидний амжилтын гол үндэс нь ажил олгогчид ба ажилчдын 2 талт хамтын ажиллагаа, идэвхитэй дэмжлэг туслалцаа байлаа.

Миний бодоход Нидерландын дээрхи түүх хэдий 2 орон ихээхэн ялгаатай нөхцөл байдалд байгаа ч дараах 2 шалтгааны улмаас Монгол Улсад хамааралтай, сургамжтай байх юм.

Нэгдүгээрт, Монгол орны хувьд хэдэн арван жилийн өмнө Нидерландад бий болсон нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх нь ямар чухал болохыг дээрхи түүх тодорхой харуулсан байх. Танай орны эдийн засаг уул уурхайн салбарын орлогоос маш их хамааралтай байна. Тиймээс бидний хийсэн шиг алдаа бүү гаргаасай, ялангуяа энэ төрлийн орлогыг тэр чигээр нь үйлдвэрлэлийн бус бүтцэд бүү ашиглаарай гэж зөвлөх байна.

Миний авсан мэдээллээр бол, танай Төсвийн тогтвортой байдлын тухай хууль маш чухал 3-н зүйлийг агуулсан байна. Үүнд: төсвийн алдагдал, зарлагын өсөлт, төрийн өр 3-т хязгаар болоод дээд хэмжээг тавьж өгсөн байна.

Энийг би бас тодорхой амжилт гэж үзээд та бүхэнд “Голланд өвчин”-өөс сэргийлэх ажлаа эхлүүлсэнд баяр хүргэж байна. Гэвч хурдацтай, төрөлжсөн, өрсөлдөх чадвартай эдийн засгийн суурийг бэхжүүлэх, эдийн засгийн хөгжилийг тогтворжуулан Монголын ард түмний аж амьдралд өнөөдөр төдийгүй маргааш эерэг сайхан өөрчлөлт гарах боломжийг бий болгохын тулд хийх ажил зөндөө байна. Дараа энэ талаа тодорхой ярих болно.

Хоёрдугаарт, өнөөдөр бид, Нидерланд орон тус өвчнийг даван туулж гарч чадлаа. Энэ нь нийтээр хүлээн зөвшөөрсөн хамтын ажиллагаа, хариуцлага дээр суурилсан нийгмийн системийг бий болгон хөгжүүлэх хэр чухал болохыг харуулж байгаа юм.

Дэлхийн 2 дугаар дайны дараа манай ард түмэн улс орноо дахин байгуулж сэргээх хэрэг гарч байсан. Хамгийн чухал нь ажил олгогчид ба ажилчид байнга тогтмол уулзалдан өөрсдийн сонирхол, шаардлагыг хэлэлцэж байх боломжийг бүрдүүлсэн ситемийг бий болгох юм.

Энэ хэлбэрийн системүүд нь манай харьцангуй тайван, ажил эрхлэлтийн түвшин өндөр, дэвшилтэт нийгмийн хангамжийн системтэй нийгмийг бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн.

Аз таарч Нидерландын иргэний нийгэм, хувийн сектор, хөдөлмөрийн зах зээлийн оролцогчид бүгд хамтран ажилладаг уламжлалтай. Ийм хамтын ажиллагаа нь улс орны нэгдсэн зорилго, түүнд хүрэх арга барилыг тодорхойлоход оролцох оролцоог бий болгодог юм. Онцлог нь бол уламжлал дээр суурилсан орчин үеийн улс төр гэж хэлж болно.

Хүндэт ноёд, хатагтай нараа,

Өмнө дараа ярина гэж орхисон зүйлдээ буцан оръё. Монгол шиг байгалийн баялагтай орнуудын хувьд эдийн засгаа төрөлжүүлж “Голланд өвчин”-өөс сэргийлэхэд юу чухал вэ?

Бид зөвхөн ДНБ-ий өсөлтөөр сэтгэл ханаж үл болно. Хүн ард нь хүсэл мөрөөдөлөө биелүүлэх, амжиргаагаа дээшлүүлэх, аз жаргалтай амьдрах нь макро эдийн засгийн өсөлттэй яг ижил чухал ойлголтууд юм. Иймд эдийн засгийн өсөлт нь заавал нийгмийн өсөлттэй зэрэгцэх шаардлагатай байдаг. Мэдээж үүнд нийгмийн халамж, хамгааллын бодлого чухал үүрэгтэй нь тодорхой. Өнөөдөр манай үеийнхэн хэрхэн байгалийн хязгаарлагдмал нөөц бололцоог хэмжээ хязгааргүй хэрэглэж байгаа байдал цаашид үргэлжилж хэрхэвч болшгүй юм.

Бидний шилжин орж буй шинэ нийгэм “их”-ээс “сайн” гэсэн сэтгэлгээнд шилжихийг шаардаж байна. Байгаль орчны тогтвортой байдал үйлдвэрлэл, хэрэглээ, амьдралын шинэ хэв маягийг хэвшүүлэх шийдлийн нэг хэсэг зайлшгүй мөн.

Бүх оролцогчид нь нийгмийн сайн сайхны төлөө нэгэн зэрэг бодож, ажилладаг нийгэм л хамгийн зохилдлого сайтай, амжилттай нийгэм болдог юм гэдгийг би сурсан. Үүнд нийгмийн болоод байгаль орчны асуудлыг оролцуулан аль болох өргөн хүрээнд тохирох хувь хишгийг хүртээх боломжтой нийгэм гэдгийг ойлгож болно.

Засгийн газар нь эдийн засгийн өсөлт, нийгмийн эв нэгдэл, байгаль орчны тогтвортой байдлыг тэнцвэрийг хангах үүрэгтэй. Энэ нь тийм хялбар биш. Илүү хялбар болоно ч гэж байхгүй болов уу.

Засгийн газрын хувьд мэдлэгт тулгуурласан нийгэм эдийн засгийг бүрдүүлэн бий болгох бас нэг чухал үүрэгтэй. Боловсрол, судалгаа, шинэ санаа гэсэн 3-н зүйлийн харилцаагаар үр өгөөжтэй, төрөлжсөн эдийн засагт хүрэх, ард түмнээ сайн сайхан амьдруулах арга хэрэгслийг олдог. Тиймээс боловсрол, цахим сургалтад хөрөнгө оруулалт хийж ард түмнийхээ ур чадварыг сайжруулснаар олон улсад өрсөлдөх чадвартай болох бололцоотой.

Засгийн газар нь компани, их сургууль, судалгаа шинжилгээний байгууллагуудын хоорон дахь төр хувийн хэвшлийн шинийг санаачлах хамтын ажиллагааг хөхүүлэн дэмжиж болох юм. Мэдээж боловсролын салбарт хөрөнгө зарцуулах нь сайн хэдий ч үүнийг зөвхөн мөнгөн дэмжлэгээр хязгаарлах нь ухвар мөчид. Харин засгийн газар хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлж өгөх нь зүйтэй. Энэ нь тодорхой, ил тод төсвийн систем, гэрээний орчин, албан тушаал урвуулан ашиглах ба хээл хахуулийн эсрэг зохистой тэмцлийг хэлнэ. Танай хувьд дэд бүтцийн зохистой хөгжилд хөрөнгө оруулах, үйлдвэрлэлийн нэгдсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх, үр өгөөжтэй санхүүгийн салбар, уул уурхайд зориулсан зөв хууль зүйн орчныг бүрдүүлэхийг хэлэх юм.

Зөв гэдэг нь уул уурхайн үр өгөөж, нөлөөлөл нь Монголын ард түмэнд ил тод, шударга, байгаль орчин болоод хүнд үзүүлэх нөлөөллийг хэлэлцдэг байх явдал юм.

Засгийн газар зөв суурь тавьж чадваас хувийн салбарын зүгээс эдийн засгийн хөгжилд түлхэц болох олон зүйлийг хийж чадна. Тухайлбал, гадаадын шууд хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологийг дурдаж болно. Миний хувьд нээлттэй бодлого бүхий улс орнууд илүү их хөрөнгө оруулалтыг татаж, компаниуд нь олон улстай харилцаа тогтооход амар хялбар байдгийг харсан. Харин хөрөнгө оруулалт орж ирснээр дотоодын нийлүүлэлт нэмэгдэж, ур чадвар сайжран, шинэ санаа, шинэ ажлын байрууд бий олж ядуурлыг бууруулдаг.

Мөн компаниуд ажиллагсдаа сурган ур чадварыг нь сайжруулдаг. Тухайлбал, би өөрийн биеээрээ олон улсын компаниуд тухайн улсын ажиллагсдыг удирдах ажлын байранд томилох зорилгоор бэлтгэдэг болохыг харж байсан. Үүнээс гадна залууст хандаж компани хэрхэн байгуулахыг ч сургаж байдаг.

Харин байгаль орчны тогтвортой байдлын хувьд байгаль орчинд ээлтэй технологийг хамгийн бага зардлаар бий болгох, ашиглах тийм нөхцөл бололцоо, урам зоригийг компаниудад бий болгох орчин бүрдүүлэх үүргийг засгийн газар хүлээдэг. Мөн хувийн секторын чиг хандлагыг тодорхойлж өгөх хэрэгтэй. Жишээ нь, эрчим хүч хэмнэх стандартыг тогтоож өгөх гэх мэт.

Эцэст нь энэхүү чуулга уулзалтад урин Монгол оронд ирэх боломжийг олгосон та бүхэнд баярлалаа.

Танай орны төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас богино хугацаанд олон ургалч ардчилал, өсөн дэвжиж буй зах зээлийн эдийн засагт шилжин орсон энэхүү шилжилт үнэхээр гайхалтай юм.

Ирээдүйн ДНБ бүтээгдэхүүний өсөлт сайхан харагдаж байгаа ч тэр хэмжээгээрээ эрсдлийг дагуулж байгааг санах хэрэгтэй. ДНБ өсөлт чухал ч дангаараа хангалттай бус. Эдийн засгийн өсөлт нь орлогын тэгш бус байдлаас сэргийлсэн, шударга байх ёстой.

Нийгмийн шударга байдал, байгаль орчны тогтвортой байдал нь нийгмийн гол хүчин зүйлс байдаг ба тэдгээрийн бууралттай байнга тэмцэж зохих арга хэмжээг авах явдал зайлшгүй чухал юм. Монгол Улсын Засгийн газар эдийн засгийг төрөлжүүлж шинэ ажлын байруудыг бий болгох, засгийн газрын ил тод байдал, үүрэг хариуцлагыг сайжруулах, томоохон дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх томоохон зорилтууд тавин ажиллаж байгааг харлаа. Голланд өвчнөөс сэргийлэх, үр нөлөөллийг бууруулахын тулд уул уурхайн орлого болоод бусад нөөц бололцоогоо мэдлэгт тулгуурласан эдийн засгийг бий болгох, хөрөнгө оруулалт боловсролд зориулах мөн Улсын хуримтлалын сан бүхий орнуудын туршлагыг судлахад зориулах нь зүйтэй юм.

Монгол Улс зөв замаар явж байна. Үүнийг хэд хэдэн шинэчлэлийг хэрэгжүүлж байгаагаас харж болно. Тухайлбал, Төсийн тогтвортой байдлын тухай хууль, Улсын нэгдсэн төсвийн тухай хууль, Худалдан авах үйл ажиллагааны шинэчлэлт, Нийгмийн халамжийн тухай хууль, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль гэх мэтийг нэрлэж болно. Одоо харин эдгээрийг хэрэгжүүлэх цаг иржээ. Энэ бол хамгийн хэцүү хэсэг нь байдаг.

Би харахад боломж ба эрсдлийн зохих холимогийг олж чадах эсэхээс ихээхэн зүйл хамааралтай байна. Мөн дунд хугацаан дахь Хятадын эдийн засгийн өсөлтийн удаашралаас үүдэх зарим нэг сөрөг үр дагавруудыг сайн ажиглах, өөрийн эдийн засгийн хэт халалт, бусад холбогдох орнуудын тодорхойгүй байдлуудаас үүсэх нөлөөллийг зохистой шийдвэрлэх шаардлага гарна.

Миний зүгээс дараах 3-н асуудалд анхаарлаа хандуулаасай гэж хүсэж байна:

·Уул уурхайн тогтвортой болоод ил тод байдлыг удирдан чиглүүлэх чадвараа хэрхэн сайжруулах вэ?

 

·Хөдөө орон нутгийн эдийн засаг ба ажил эрхлэлтийг сайжруулж, тодорхой түвшинд төрөлжүүлэх боломжийг хэрхэн бүрдүүлэх вэ?

 

·Хэрхэн яаж ядуурлыг бууруулан, эрүүл мэнд боловсрол, нийгмийн үйлчилгээний чанар ба хүрэлцээг сайжруулах вэ?

Дээрхи 3-н асуудлыг зөв шийдвэрлэх нь Монголын ирээдүйд ихээхэн чухал нөлөөтэй.

Байгалийн ийм их баялгийг олж илрүүлэн, ашиглах нь улс орны хувьд ихээхэн давуу талыг бий болгодог. Харин туршлагаас суралцан, эрсдлийг бууруулж, үр ашгийг ард түмэндээ хүртээх, эдийн засгийн өсөлтийг хүртээмжтэй тогтвортой өргөн хүрээтэй болгох нь ихээхэн хүчин чармайлтыг шаардах болно.

Та бүхэн сонирхох зүйл байвал надад хандаарай. Анхаарал тавьсанд баярлалаа.

Амстердам хот

 

Нийтэлсэн: 2013-03-25 00:00:00