Чуулган мэдээ - 2013
2013 оны чуулганы тухай

Монголын эдийн засгийн чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ-ын дэмжлэгтэйгээр Ерөнхий сайдын ивээл дор 2013 оны 3 дугаар сарын 4, 5-нs өдрүүдэд зохион байгууллаа.

Шаардлага: Монгол Улс эрчимтэй хөгжлийн замд тууштай орох, өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийн тулд боловсон хүчний болон байгалийн дотоод нөөц бололцоогоо зөв зохистой ашиглах шаардлага тулгараад байна. Мөн бизнесийн орчинг сайжруулах, төсвийн шинэтгэл, уул уурхайн хөгжил, дэд бүтцийн болон санхүү, хөрөнгийн зах зээлийн хөгжил, ногоон эдийн засаг зэрэг олон чухал асуудлыг хэлэлцэж, хөгжлийн гарцыг олох, нэгдсэн зөвшилцөлд хүрэх шаардлагатай байна.

Уриа: Бид хамтдаа чадна.

Зорилго: Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийн бодлогыг тодорхойлох, тулгуур салбаруудын тулгамдсан асуудлуудаар бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөллийн дунд нээлттэй, хэлэлцүүлэг зохион байгуулж зөвшилцөлд хүрэхэд туслахад чиглэгдсэн юм.

Үр дүн: Чуулганы үеэр “Монголын Эдийн Засгийн Форум” нэртэй улс төрийн хамааралгүй, төрийн бус байгууллагын үндэс суурийг бүрдүүлж, тус байгууллага нь цаашид энэхүү чуулга уулзалтыг тогтмол зохион байгуулж явахын зэрэгцээ улс орны өмнө тулгарч буй хөгжлийн асуудлаар тухай бүр холбогдох талуудын хооронд нэгдсэн ойлголцол бий болгоход зуучлах болно.

Чуулганы үеэр Монгол Улсын төсвийн шинэтгэл; Байгаль орчин, Ногоон эдийн засаг; Улсын бүртгэлийн шинэчлэл; Хөрөнгийн зах зээлийн шинэчлэл; Өрсөлдөх чадварыг дээшлүүлэх гэсэн бизнесийн орчны шинэтгэлтэй холбоотой олон чухал асуудлыг авч хэлэлцсэн.

Оролцогчдын тухай: Тус чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд, яамдын удирдлагууд, Засаг дарга нар болон холбогдох төрийн бусад байгууллагуудын 150 төлөөлөгч, Төрийн бус байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл, мэргэжлийн холбоод, их, дээд сургууль, төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс, эрдэмтэн, судлаач зэрэг 150 төлөөлөгч, хувийн хэвшлийн 150 төлөөлөгч, гадаад улсын 50 төлөөлөгч, нийт 500 төлөөлөгчийг урьж оролцууллаа.
 

 

Нийтэлсэн: 2013-03-10 11:50:53