Чуулган мэдээ - 2012
“Монгол орны хөгжилд” VIII чуулга уулзалт болов

Британийн Монголчуудын Холбоо ИБУИНВУ дахь Монгол Улсын Элчин сайдын яам хамтран гадаадад суралцагч Монгол залуусынхаа мэдлэг оюуныг эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах нэгэн ундарга болгох зорилгоор “Монгол орны хөгжилд” чуулга уулзалтыг 2005 оноос хойш жил бүр уламжлал болгон зохиож ирсэн билээ.

Энэ жилийн YIII чуулга уулзалтыг “Өндөр технологи-Европийн стандартыг нэвтрүүлэх боломж” сэдвийн дор Үндэсний Хөгжил Шинэтгэлийн Хороо, Монгол Улсаас ИБУИНВУ-д болон Шведийн Вант Улсад суугаа Элчин сайдын яамдууд, Европ- Монголын нийгэмлэг, Британийн Монголчуудын Холбоо, Швед дэх Монголчуудын Үндэcний Холбоо, Цахим Өртөө Холбоо зэрэг байгууллагууд хамтран энэ 5 дугаар сарын 5-ны өдөр Нийгмийн хөгжлийн хосгүй үлгэр жишээ Умардын загварын өлгий болсон Швед улсын нийслэл, Скандинавын Хойгын төв, эртний түүхт Стокгольм хотноо зохион байгуулав.

Чуулга уулзалтад Монгол Улсаас Шведийн Вант улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Энхмандах, Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл, ҮХШХ-ны Шинэтгэлийн бодлогын газрын дарга Б.Ганбат, МУИС-ийн дэд захирал Др.Ч.Ганзориг нарын албаны хүмүүс оролцож мэдээлэл хийж, Ирланд, Их Британи, Нидерланд, ХБНГУ, Унгар зэрэг улсад сурч, эрдмийн зэрэг цол хамгаалж буй монгол оюутан залуус, эрдэмтэд, судлаачид Монгол Улсад өндөр технологи, био болон нано технологи, шинжлэх ухаан, технологийн дэд бүтцийг хөгжүүлэх асуудлуудаар 20 гаруй илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Чуулга уулзалтад хамрагдагчдын тоо жилээс жилд өргөжин тэлж тэр хэмжээгээр утга агуулга, зорилго чиглэл нь баяжин арвижиж байгаа нь ажиглагдлаа. Энэ жилээс Монголын анд нөхөд, гадаадын, тэр дундаа өндөр технологийн хөгжлийн тэргүүн шугаманд яваа АНУ, Финландын зарим эрдэмтэн судлаачид хүсэл сонирхлоороо чуулганд оролцож илтгэл санал тавьсан нь чуулганы нэг онцлог байв.

“Монгол орны хөгжилд” чуулга уулзалт болон Цахим Өртөө Холбоог санаачлагчдын нэг Британийн Монголчуудын Холбооны Тэргүүн Б.Цэрэнбатын идэвхи зүтгэлийг үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар төрийн дээд шагнал-“Алтан гадас” одонгоор шагнасныг Элчин сайд Б.Алтангэрэл, Б.Энхмандах нар гардуулсан нь эх орноосоо алс суугаа залуучуудын урам зоригийг бадраасан чухал үйл явдал болов.

Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд Чуулга уулзалтад оролцогсдод мэндчилгээ ирүүлж, “… судалгаанаас үзэхэд 2011 онд хилийн чанадад нарийн мэргэжил эзэмшин эх орондоо эргэн ирж ажиллаж буй иргэдээс 578 иргэн төрийн болон Засгийн газрын томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд гар бие оролцож, их бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж байгааг” дурьдаад Чуулга уулзалтын ажиллагаанд амжилт хүссэн байна.

Чуулга уулзалт анх удаа Лондонгоос өөр газарт болсон нь уулзалтын бас нэг онцлог байв. Энэ нь олон тооны Монголчууд Швед Улсад ажиллаж амьдарч байгаатай, Монгол-Швед улсын харилцааны түүхэн болон өнөөгийн байдалтай төдийгүй Швед Улс бол дан ганц газрын баялагаар бус харин өндөр технологи, шинэтгэлийн зохистой бодлого, хүмүүсийнхээ оюуны өндөр чадавхиар хөгжлийнхөө хурдац, эдийн засгийн өсөлтийг хангаж чадаж буй Умардын орнуудын нэг гэдэгтэй холбоотой байлаа.

Чуулганд оролцогчид Шинжлэх ухааны Шиста хотхон /Kista Science City/-ы үйл ажиллагаатай танилцав. Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбар голлосон аж ахуй нэгж, судлаачид болон оюутнуудыг нэгтгэсэн шинэ санаачлагын уурхай гэж хэлж болох Стокгольм хот дахь өндөр технологийн парк – Kista Science City нь МХХТ-ийн салбарт шинэ технологи, судалгаа, туршилт болон бизнесийн бололцоог бүрдүүлсэн нягтаршилтай газар бөгөөд энд дэлхийд нөлөө бүхий компаниуд, тухайлбал, Ericcson, Microsoft, IBM-аас гадна энд 1100 гаруй жижиг, дунд аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байгаагийн 90 гаруй хувь нь экспортлогч компаниуд байдаг байна. Мөн ирээдүйн МХХТ-ийн мэргэжилтнүүд болох Стокголмын Их Сургууль, Хааны Технологийн Дээд сургуулийн 6800 оюутан энд суралцаж, 1100 гаруй эрдэмтэн судлаачид ажилладаг ажээ.
Энэ удаагийн чуулган өмнөхийн адил хилийн чанад дахь Монголчуудын оюуны боломж бололцоог улс орны хөгжилд үр өгөөжтэйгөөр ашиглах тогтолцоог бүрдүүлэх, өндөр хөгжилтэй оронд суралцаж мэрэгшсэн боловсон хүчний эрэлт хэрэгцээг хангах зэрэг зорилгод чиглэсэн бөгөөд Европын өндөр хөгжилтэй орнуудад суралцаж буй залууст нэг дор цуглан сурч мэдснээ харилцан ярилцахын зэрэгцээ ажил хэргийн, анд нөхдийн хэлхээ холбоо үүсгэх өргөн боломжийг олгосноороо ч ач холбогдолтой боллоо.

Чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн Чанадад суугаа Монгол Улсын Иргэдтэй Хамтран Ажиллах Зөвлөл, ГХЯ, Монголын Эдийн засгийн Чуулган зэрэг төр, олон нийтийн байгууллага болон МАН, ИЗНН, МҮАН зэрэг улс төрийн зарим нам төдийгүй “Newcom”, “Ард капитал” групп, Моnchemo XXК, GeReGe Partners, Ten D Sec LLC зэрэг хувийн хэвшлийнхэн, Монгол Улсын Их Сургууль, Анагаах Ухааны Их Сургууль зэрэг боловсролын байгууллагууд ивээн тэтгэж, хандив тусламж үзүүлсэн байна.

Чуулга уулзалтын үеэр “Европ-Монгол нийгэмлэг”-ийн гишүүдийн зөвлөлдөх хуралдаан болж, Европын орнуудад байгаа Монголын холбоодууд илүү нягтран ажиллах болон цаашидаа хийх үйл ажиллагааны талаар ярилцсан байна.

Дараагийн чуулга уулзалтыг 2013 онд Лондон хотноо зохион байгуулахаар тогтов.

Стокгольм, ЭСЯ.

Нийтэлсэн: 2012-05-17 00:00:00