Чуулган мэдээ - 2012
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржоос Монголын Сэргээгдэх эрчим хүч-2012 Олон улсын бага хурлын төлөөлөгчдөд илгээсэн мэндчилгээ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ

Монголын Сэргээгдэх Эрчим хүч – 2012

Олон улсын бага хуралд оролцогчдод

Хүндэт төлөөлөгчид өө,

Эрхэм эрдэмтэн мэргэд, инженерүүд ээ,

Монголын эдийн засгийн суурь салбар болсон эрчим хүчний асуудлаар, тэр тусмаа сэргээгдэх эрчим хүчний хөгжил, боломж бололцооны талаар хэлэлцэж, хөгжлийн чухал шийдэл гарцууд, цаашлаад ногоон эдийн засгийн боломжит загвар, хамтын ажиллагааны арга хэлбэрүүдийн талаар ч санал бодол, туршлага мэдлэгээ солилцохоор та бүхэн ийнхүү Улаанбаатар хотноо хуран чуулж байгаад би туйлын талархаж, та бүхний ажил үйлс, Бага хурлын ажилд амжилт хүсэн мэндчилье.

Эрчим хүч бол эдийн засгийн хөгжлийн хөдөлгүүр мөн. Агаар усгүй бол хүний амьдрал байхгүйтэй адил эрчим хүчгүйгээр эдийн засаг, хөгжил дэвшил, өрсөлдөх чадвар, нэмүү баялаг бүтээх тухай төсөөлөхөд бэрх. Тиймээс найдвартай, ялангуяа байгальд ээлтэй, цэвэр эрчим хүчний үйлдвэрлэл, нийлүүлэлт бидний оршин тогтнох, тууштай тогтвортой хөгжин дэвшихийн баталгаа болно.

Монгол Улсыг эрчим хүчний диваажин гэж болно. Газрын хэвлий дэх баялгаас гадна газрын гадаргуйн асар их нөөц баялгийг Монголчууд бид эзэгнэнхэн төржээ. Нар, салхи, газрын гүний шавхагдашгүй их эрчмийг монгол хүний, монгол инженерийн оюун ухаан, эрдэм мэдлэгээр эрхшээх цаг нь ирж байна.

Сэргээгдэх эрчим хүч нь хүн, байгаль дэлхийд ээлтэй, нөөц нь шавхагдашгүй, нөхөн сэргээгддэг байгалийн хишиг юм.


Дэлхийн нүүрс хүчлийн хийн зах зээл дээр утаж угаартуулсан нь төлөөсөө төлөх гэж, утагдсан нь төлбөр авдаг болтлоо учраа олж ядан байсаар байтал яаж ч хэлэлцээд тохирч болохгүй “цаг хугацаа” гэгч нь улам явж, номин цэнхэр гариг маань хүрэнтэж чинэрч байна. Үүнийг шийдэх хамгийн зөв, хамгийн энгийн шийдэл нь ерөөсөө л бүгдээрээ бохирдуулахаа больцгооё. Шийдэл нь Монголд байна. Монголчууд бид цэвэр эрчим хүч үйлдвэрлэж өөрсдөө ашиглаад зогсохгүй дэлхийд санал болгох нөөц боломжтой.

Шинжлэх ухаан технологийн ололтыг нутагшуулан Говь-Тек буюу Монголын Говьд сэргээгдэх эх үүсвэрээр эрчим хүч үйлдвэрлэж бүс нутгаа хангах гэгээн өдөр ирнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Үнийг ойртуулахад гадаадын болон үндэсний инженер, эрдэмтэн судлаач, бизнес эрхлэгчид та бүхэн хамтран ажиллах нь чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Та бүхний энэ ариун ажил үйлсэд хүндрэл, бэрхшээл, сорилт ч учирна. Энэ бүхэнд та бүгд хамтдаа байж, хамтын хүчин зүтгэл, итгэл зориг, түншлэл нөхөрлөлөөр сорилтыг даван туулж чадна.

Та бүхэнд амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ

Улаанбаатар хот
 

Нийтэлсэн: 2012-05-17 00:00:00