Хуралдаан - 2011
Төлөвлөлт, төсөв

Сэдвийг онцлохын ач холбогдол:Монгол Улсын эдийн засаг харьцангуй өндөр өсөлттэй байна. Санхүү эдийн засгийн хямралтай байсан 2009 оныг эс тооцвол эдийн засаг жилд дунджаар 8,7 хувиар өсч, нэг хүнд ногдох үндэсний орлого байнга өсөн нэмэгдэж байгаа энэ үед төсвийн төлөвлөлтийг илүү бодитой, илүү үр өгөөжийг нь харсан байдлаар төлөвлөх асуудал хэзээ хэзээнээс илүүтэй чухлаар тавигдаж байна. Гол нь зардал орлогыг төсвийн гол орлого болох ашигт малтмалын үнийн циклээс хараат бус байдлаар тодорхой дүрэм журмыг мөрдлөг болгож тогтвортой төлөвлөх шаардлага тулгарч байна. Улсын төсвийг зөвхөн зардал санхүүжүүлэгч бус хөгжлийг дэмжигч санхүүгийн механизм болгох хэрэгцээ шинээр урган гарч байна.

Өнөөдөр эдийн засаг хөгжихийн хэрээр томоохон хэмжээний хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай болж байна. Иймд тэдгээр томоохон төслүүдийг хэрэгжүүлэх нь өөрөө олон жилийн санхүүжилт шаардахаар байгаа тохиолдолд төсвийн хөрөнгө оруулалтыг жил бүрээр төлөвлөх нь өөрөө хэр зэрэг оновчтой байна, санхүүжилтийн бусад механизмын хувилбарууд юу байж болох зэрэг асуудлуудыг тал бүрээс нь нягтлан үзэж хэлэлцэх нь эдгээртэй холбогдон гарах шийдвэрт сайнаар нөлөөлөх талтай. Төсвийн төлөвлөлтийн асуудал нь эргээд макро эдийн засгийн төлөвлөлтийг хэрхэн хийх, Монгол улсад өнөөдөр дунд болон урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө аль түвшинд байна гэдэг асуудлыг хөндөж байгаа юм. Хууль тогтоох байгууллагаар Нэгдсэн төсвийн тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хууль зэрэг чухал эрх зүйн зохицуулалтуудыг хэлэлцэж буйтай энэхүү хэлэлцүүлэг давхцаж байгаа нь өөрөө эргээд олон нийт, эрдэмтэн судлаачид зэрэг оролцогч талуудын санаа оноог сонсож, хуулиудад тусгахад тус дөхөм болох юм.

Хэлэлцүүлгийн зорилго:Төсөв, төлөвлөлтийн сэдвээр бүх оролцогч талууд болох төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачдын үгийг сонсож тэдний санал санаачлагыг тунгаан нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэн улмаар бодлогын дэмжлэг үзүүлэх үндэс суурийг тавих.

Хэлэлцүүлгээс гарсан саналууд:• Улс орнууд түргэн хөгжиж байгаа шалтгаан нь хүнээ хөгжүүлж чадсан, мөн улс төрийн хувьд тогтвортой, газарзүйн байрлал нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ хөгжлийн зөв, алсын хараатай төлөвлөлт их чухал. Хөгжлийн стратеги, алсын харааны тогтолцоо дутагдаж байна. Үндэсний, бүс нутгийн стратегийг зангидах шаардлагатай. Үндэсний хөгжлийн бодлогыг хуульчилж өгөх хэрэгтэй байна;

• Өсөлтийг баталгаажуулахын тулд төрийн болон хувийн байгууллагуудын уялдаа холбоог хангах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл хувийн болон төсвийн хөрөнгө оруулалтыг уялдуулах шаардлагатай байна. Ямар төрлийн хөрөнгө оруулалт бидэнд хэрэгтэй, ашигтай вэ гэдгийг төлөвлөх хэрэгтэй. Мэдээж нэн тэргүүнд дэд бүтцээ сайжруулах хэрэгтэй;

• Манай улсын хөгжлийн төлөвлөлт бүрэн бүрдэж чадаагүй байна. Аливаа улс урт, дунд, богино хугацааны төлөвлөлттэй байдаг. Манайд дунд хугацаанд засгийн газрын сонгуулийн мөрийн хөтөлбөр л байдаг;

• Орон нутгуудыг төсвөөр дэмжих ёстой. Төсвийн тухай хуулийн төсөл нь батлагдахгүй УИХ дээр саатаад байгаа. Хөгжлийн бодлого, төсөв хоёрыг маш сайн уялдуулах ёстой;

• Зөвхөн улсын төсөв биш хувийн хэвшлүүдийн төсвийн төлөвлөлт нь улс орны хөгжилд хэрэгтэй юм. Улсын төсөв гэж юу вэ? 3 тэрбум доллар, хувийн хэвшлийнхэний төлж байгаа 10%-ын татварын л мөнгө. Цаана нь үлдсэн 90% ийг нь яаж төлөвлөх вэ гэдэг нь чухал асуудал! Цаанаа байгаа хувийн хэвшлийнхний их мөнгийг яаж хөгжилд чиглүүлэх вэ гэдэг асуудал их чухал юм;

• Төсвийн байгууллагыг иргэний нийгмийн байгууллагууд хянадаг байдлыг хуульчилж өгөх хэрэгтэй байна, оролцоог хангаж өгөөч;

• Баялаг бүтээж байгаа хүнд биш баялаг бүтээдэггүй хөдөө рүү зам, эрчим хүчний шугам татахад замбараагүй хөрөнгө зардаг, эдгээр нь ихэвчлэн үр ашиггүй болж байна. Эдийн засгийг авч явж байгаа үйлдвэрүүдэд төсвийн орлогыг зарцуулах шаардлагатай;

• 2030 он хүртэлх эдийн засгийн стратеги боловсруулж засгийн газар дээр дөрөв дөрвөн жилээр хэрэгжүүлээд явъя. Сонгуулийн үед эдийн засгийг өсгөх төлөвлөлт, зорилтыг амлах хэрэгтэй байна;

• 320 сумыг нэгтгэх хэрэгтэй байна. Арван мянгаас бага хүн амтай сумд нь эдийн засгийн өсөлтийг бий болгож чадахгүй. Тиймээс бүсчилсэн хөгжлийн төлөвлөлтийг эргэн харах хэрэгтэй;

• Төсвийн төлөвлөлтийг урт хугацаанд хийх нь зөв юм. Энэ нь өөрөө хувийн секторт нэн хэрэгтэй. Төсвийн оролцоо өндөр орны хувьд төлөвлөлт нь урт хугацаанд байхгүй болохоор хувийн хэвшлийнхэн төлөвлөлтөө хийж чадахгүй болдог;

• Засгийн газрын бондыг таван жил хүртэлх хугацаагаар гаргах хэрэгтэй юм. Гэтэл хөгжлийн төлөвлөлт байдаггүй. Тиймээс мөнгө байршуулах нь эрсдэлтэй болгодог;

• Манай улсын Үндсэн хууль нь эдийн засагт нөлөөлөх нөлөөлөл багатай байгаа. Тиймээс өөрчлөх шинэчлэх цаг болсон. Банк санхүүгийн салбараа Үндсэн хуулийн хамгаалалтанд авах ёстой;

• Хөгжлийн банкаар дамжуулж төсвийн мөнгийг хөгжилд зарцуулах нь хамгийн зөв асуудал юм. Гэвч энэ чиглэлийн эрсдлийг сайн тооцож удирдах хэрэгтэй байна;

• Төлөвлөлт, төсөв хоёр нь салшгүй холбоотой юм. Гэхдээ эхлээд хөгжлийн төлөвлөлт явах ёстой түүн дээр үндэслэн төсвийн төлөвлөлт явах ёстой;

• Дунд хугацааны тэргүүлэх чиглэлийг батлах хууль эрх зүйн үндэслэл байхгүй байгаа. Тиймээс хууль эрх зүйн үндэслэлийг батлах хэрэгтэй байна. Үндэсний хөгжлийн газар байсан түүхийг эргээд харахад СЯ, ҮХГазар хоёр хоорондоо нэлээн зөрчилддөг байсан юм билээ. Яг одоогийн байдлаар төлөвлөлтийг хариуцаж байгаа ҮХШХ агентлагийн статустай байгаа учраас зөвлөгөө өгөх түвшинд л явж байгаа, тиймээс яамны, эсвэл яамнаас дээш хэмжээнд аваачих ёстой. Гэхдээ бусад улсын туршлагыг судлах хэрэгтэй юм;

• Ноолуурын салбарыг төрөөс эрчимтэй дэмжих болно. Харин ямар замаар дэмжихээ тодорхойлох хэрэгтэй байна. Татвар, татаасын бодлогоор ч юм уу. Харин энэ салбарынхан өөр хоорондоо өрсөлдөх биш хоорондоо нэгдэж кластер үүсгэх ёстой. Та бүхний өрсөлдөгч бол зах зээлийн 70%-ийг эзэлж байгаа нэг том өрсөлдөгч гэдгийг ойлгоод нэгдэж чадвал Засгийн Газрын зүгээс дэмжих болно;

• Даатгалын тогтолцоог сайжруулж эрсдэлээс хамгаалах хэрэгтэй;

• 200-300 тэрбумын бондыг Монгол банк гаргадаг. Гэхдээ энийг Монгол банк биш Засгийн газар богино хугацаат өрийн бичиг болгон гаргах ёстой;

• Өнөөдөр төрийн мэдэлд байгаа барилга байгууламжийг даатгах шаардлагатай байна. Эрсдлээс хамгаалсан даатгалын системийг бий болгох хэрэгтэй байна. Эрсдлээс хамгаалсан хороо байх шаардлагатай байна;

• Гадаад төлбөр тооцооны төлөвлөлтийг сайжруулах хэрэгтэй байна. Төгрөг чангарахаар импорт нэмэгдэнэ тэгэхлээр төлбөрийн тэнцэл алдагдалтай гарах эрсдэлтэй. Энэ эрсдлүүдээс хамгаалах нь маш чухал юм;

• Мэдээлэл хязгаарлагдмал байна. Нийт монголчуудын эдийн засгийн мэдлэг их сул байна. Хийснээрээ суралцдаг зарчим явагдаж байна. Энэ нь өөрөө урт хугацаат эрсдэлүүдийг бий болгож байгаа юм;

• Бэлэн мөнгөний амлалтыг эрчим хүчний салбараар дамжуулж хэрэгжүүлж болохгүй юу. Хэрэв тийм бол инфляциас гадна агаарын бохирдол багасах боломжтой юм. Эрчим хүчний үнэ бага байвал ЖДҮ-ийг ихээхэн дэмжинэ;

• Хөрөнгө оруулагчид нь тогтвортой байдлыг ихээхэн сонирхдог. Тиймээс тогтвортой байдлыг хангах ёстой. Үүнд их хэмжээний өөрчлөлт хэрэгтэй байна;

• Улс төрчид эдийн засгаас холдох хэрэгтэй;

• Дэд бүтэц нь зөвхөн төрийн асуудал биш бас хувийн секторын асуудал юм. Тиймээс хувийн хэвшилтэй хамтран ажиллах нь зайлшгүй чухал;

• Хямрал нь сорилтоор үргэлжилдэг юм байна. Тиймээс хамтын шийдвэрээр энэ сорилтыг давж, төсөв, халамж, мөнгөний урт хугацааны бодлоготой болох хэрэгтэй юм байна;

• Монгол улс түргэн өсөх бололцоо бий болж байна. Энэ нь уул уурхайн салбартай холбоотой юм. Энэ салбараас орж ирэх орлогыг хэрхэн зарцуулах нь хамгийн чухал асуудал юм. Тухайлбал, хүний хөгжлийг хангах, дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглүүлж чадвал хөгжлийг хангаж чадах юм;

• Бодлого боловсруулагчид, хууль тогтоогчид нэг зорилготой хамтран ажиллах хэрэгтэй байна;

• Бүх мэдээллийг ил тод болгох хэрэгтэй байна. Хүсэж сонирхож байгаа зүйлд нь зориулж мэдлэгийг дэмжих хэрэгтэй байна. Сэтгэлгээний хувьсгалаа хийхгүй бол нийгмийн халамжийг шаарддаг, амладаг тийм л нийгэм бий болоод байна. Үүнийг засах чиглэлээр Засаг төр ажиллах болно;

Зохицуулагч:

Б.Алтанцэцэг

Хөтлөгч:

Самбууням Насанжаргал, 25-р ТВ

Оролцогчид:

Төр засаг:

- С.Баярцогт, сангийн сайд

- Б.Жавхлан, Монгол банк

- Д.Зоригт, Эдийн Засгийн байнгын хорооны дарга

- Д.Хаянхярваа, Төсвийн байнгын хорооны дарга

- Л.Дашдорж, Ерөнхийлөгч зөвлөх

Иргэний нийгэм:

- Бямбасүрэн

Хувийн хэвшил:

- Ж.Оджаргал, МСS

Академи:

- Ж.Баттөгс, МУИС

ОУБ:

- Давид Жентри, ОУВС,

Нийтэлсэн: 2010-12-27 12:31:23