Хуралдаан - 2011
Бизнесийн таатай орчин

Сэдвийг онцлохын ач холбогдол:Монгол Улсын эдийн засгийн хөгжилд хувийн хэвшлийн оролцоо эрчимтэй нөлөөлсний үр дүнд мэдээлэл, харилцаа холбоо, барилга, банк, санхүү зэрэг үйлчилгээний болон аж үйлдвэрийн салбарт ихээхэн дэвшил гарч байна. Цаашид гадаадын хөрөнгө оруулалтаар уул уурхайн салбар, ашигт малтмал боловсруулах салбаруудын хөгжил Монголын эдийн засагт үлэмж их хувь нэмэр оруулж, бизнес эрхлэгчдэд зах зээлээ тэлэх боломж бүрдүүлнэ. Ийнхүү уул уурхайн салбарыг даган бий болох боломжуудыг ашиглаж эдийн засгаа хөгжүүлэх, төрөлжүүлэх, ядуурлыг буруулахад төр, хувийн хэвшлийн хамтын хүчин чармайлт зайлшгүй шаардлагатай болно. Нэг талаас төрийн зохицуулалт, түүний үзүүлж буй үйлчилгээ тогтвортой, түргэн шуурхай, ил тод, нээлттэй байх, нөгөө талаас хувийн хэвшлийнхний өрсөлдөх чадвар, үр ашигтай үйл ажиллагаа, боловсон хүчний ур чадвар, бизнесийн ёс зүй зэрэг олон хүчин зүйлүүд дээр дурьдсан боломжуудыг үр ашигтай ашиглахад шууд нөлөөлдөг. Өнгөрсөн хугацаанд төр бизнесийн таатай орчин бүрдүүлэх чиглэлээр дорвитой, тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд тодорхой хэдэн салбар сэргэх, хөгжих таатай орчин бүрдсэн. Гэсэн хэдий ч цаашид эдийн засгийн бүтэц, зохион байгуулалт, онцлогийг зах зээлийн зарчимд нийцүүлэх, хурдтай хөгжиж буй эдийн засгийн хөгжлийг дэмжих төрийн бодлого, зохицуулалт үгүйлэгдэж байгаатай хүн бүр санал нийлж байна.

Хэлэлцүүлгийн зорилго:

Бизнесийн таатай орчин бүрдүүлэхэд төрийн оролцоо:
Эдийн засгийн бүх салбарыг эн тэнцүү хөгжүүлэх, тухайн салбарыг жигд тэгш дэмжих бодлого баримтлах, үүний үндсэн дээр эдийн засаг хөгжих боломжгүй юм. Тиймээс юун түрүүнд төрийн бодлого, гаргаж буй шийдвэр, гүйцэтгэх үүрэг, үйлчилгээ нь олон нийтэд ил тод, тогтвортой байх шаардлагыг хангаж ажиллах нь бизнес эрхлэх хамгийн анхан шатны нөхцлийг бүрдүүлдэг. Тиймээс аль ч салбарт үйл ажиллагаа явуулж буй болон үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой хүн бүрт төрөөс үзүүлэх үйлчилгээ, бизнес эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрөл, лиценз, бүрдүүлэх бусад баримт бичиг, хяналт шалгалтын үйл ажиллагаа болон холбогдох мэдээллийг ил тод болгоход анхаарах нь зүйтэй юм. Төрийн зохицуулалт, үйлчилгээг ард иргэдэд хүргэж буй орон нутгийн засаг захиргааны түвшинд гаргаж буй шийдвэр, үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, төсөв, санхүүгийн төвлөрлийг сааруулах асуудал өнөөгийн тулгамдсан асуудлуудын нэг юм. Төрийн үйлчилгээ ил тод, адил, тэгш хүртээмжтэй байхаас гадна, эдийн засгийн нөөц бололцоо, өрсөлдөх чадвараас хамааран тодорхой салбаруудыг дэмжих төрийн бодлого боловсруулж хэрэгжүүлэх шаардлага зайлшгүй тавигддаг. Уул уурхайн салбарын хөгжилд тулгуурлан нэн тэргүүнд хөдөө аж ахуйд суурилсан үндэсний үйлдвэрлэлээ сэргээх, дэмжих бизнесийн болон хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэхэд голлон анхаарах нь эдийн засгийн тогтвортой, аюулгүй байдал бий болгож, эдийн засгийг төрөлжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Бизнесийн таатай орчин бүрдүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо:
Засгийн газар зах зээлийн хөгжлийг хангах бодлого боловсруулахдаа хувийн хэвшлийнхний оролцоог хангаж хамтран ажиллах шинэ зарчим баримталж буйг бизнес эрхлэгчид таатай хүлээн авч байна. Бизнес эрхлэгчид бие даан бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, шинэ дэвшилтэт техник технологи ашиглах, үйл ажиллагаагаа нэгтгэх, үр ашигтайгаар хамтран ажиллаж, шинэ үйлчилгээ нэвтрүүлэх зэргээр эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулахын зэрэгцээ, боловсон хүчин бэлтгэх, нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаа явуулж нийгмийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулдаг. Мөн хувьцаат болон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьд компанийн засаглалын үндсэн зарчмуудыг, тухайлбал, хувьцаа эзэмшигчдийн эрхийг тэгш хамгаалах, ил тод байдлыг хангаж, мэдээллээ нээлттэй байлгах гэх мэтийг даган мөрдсөнөөр хөрөнгө оруулалт татах, нэр хүндээ нэмэгдүүлэх боломжууд бизнес эрхлэгчдийн өмнө нээгдэх билээ. Гадаадын хөрөнгө оруулалт татах, гадаадын компанитай хамтран ажиллахын тулд хууль, дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулах, бизнес эрхлэгчид бизнесийн ёс зүйг бий болгох, өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийг хичээх шаардлагатай юм.

Хэлэлцүүлгээс гарсан саналууд:

• Хууль эрх зүйн орчинд ард иргэдийн оролцоог бий болгох нь чухал байна;

• Төр өөрөө бизнесийн орчинд сөргөөр нөлөөлж байна (жишээ нь, мэргэжлийн холбоогүйгээр

асуудлыг шийддэг);

• Уул уурхайгаас олдсон байгалийн нөөцөө хөгжлийн банкаар дамжуулан ногоон эдийн засгийн үзэл баримтлалаар хөгжүүлэх нь зүйтэй болов уу;

• Өрсөлдөх чадвар, чанар, стандарт, тусгай зөвшөөрлийн тогтолцоог сайжруулах шаардлагатай. Бизнесийн холбоод хяналтыг сайжруулах шаардлагатай, ингэснээр өрсөлдөх чадавхи бий болно;

• Эрсдлийг бууруулах, арилгах тал дээр анхаарах ёстой;

• Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг батлуулах гэж байгаа;

• Бодлого боловсруулахдаа хувийн хэвшилтэйгээ зөвшилцдөг байх нь чухал байна. Энд улс төр байх ёсгүй;

• Зохицуулалтын шинэтгэл их ярих боллоо. Бизнесийн орчин бол суурь ойлголт юм. Төрөөс бий болгож байгаа институци юм. Өөрөөр хэлвэл, төр ба зах зээлийн бизнесийн таатай орчин юм;

• Зохицуулалтын олон зарчим хангагдах ёстой:

1. Зах зээл өөрөө зохицуулах;

2. Янз бүрийн холбоодод эрх олгож зохицуулах;

3. Дээрх хоёр зохицуулалтыг засгийн газраас зохицууулах г.м.

• Технологи, норм, лиценз, мэргэжлийн хяналт г.м. асуудлыг бүс нутгийн хэмжээнд авч үзвэл учир дутагдалтай байгаа. Төрийн алба нь засгийн газраасаа илүү их солигддог тал байна;

• Улсын Их Хурлаас баталсан “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн дагуу байрны орон сууцны үнийг хямдруулах тал дээр төр оролцоно;

• Төр анх жижиг дунд үйлдвэрийг дэмжинэ гэсэн байж, борлуулалтын хувь г.м. олон шаардлага тавиад боомилж байна;

• Одоогоор жижиг дунд үйлдвэрийнхэн улсаас тендер авч л амиа аргалж байна, энэ нь авилгал болж байна;

• Монголоос дэлхийн хэмжээний компани гаргах хэрэгтэй байна;

• Бизнесийн орчны хууль гэнэт гараад ирдэг, хэлэлцүүлэх механизм алга;

• Ажил олгогчдыг урамшуулдаг байх, тендерийн хуулийн босоо тогтолцоог өөрчилж орон нутаг руу чиглүүлэх шаардлага байна;

• 2010 оны бизнесийн орчны шинэчлэлийн явц 40 хувьтай байна;

• Стандарт бий болгох;

• Боловсон хүчний чадавх сайжруулах;

• Оролцоог хангахад бизнес төлөөлөл оруулах;

• Хүнд, хөнгөн гэх мэт салбараар асуудлыг ярих;

• Татвар нь оновчтой байх.

Зохицуулагч:

ХОХХДЗЗ О.Адьяа

Хөтлөгч:

Цагаан Оюундарь, МҮОНРТ

Оролцогчид:

Төр засаг:

- Д.Зоригт, УИХ

- Т.Бадамжунай, ХААХҮ сайд

- Ч.Хашчулуун, ҮШХ

Иргэний нийгэм:

- С.Дэмбэрэл, МҮХАҮТ

- СЕО клуб, Ц. Оюунгэрэл

Хувийн хэвшил:

- Ч.Ганболд, EDN

Ч.Ганболд нь 1976 онд ОХУ-ын Москва хотын Гадаад хэлний их сургуулийг төгссөн бөгөөд удирдлага, олон нийтийн харилцаа, бизнесийн зөвлөгөө, хэвлэн нийтлэл болоод соёл урлагын менежментийн чиглэлээр гуч гаруй жил ажилласан арвин туршлагатай мэргэжлийн хүн.

Тэрбээр 1976-1990 онд Монголын Энх тайван найрамдлын байгууллагуудын Холбоонд Найрамдлын нийгэмлэгүүдийн нарийн бичгийн дарга, 1990-1991 онд Олон улсын монгол судлалын Холбооны гадаад харилцааны хэлтсийн дарга, 1991-1993 онд Монголын Энх тайван найрамдлын байгууллагуудын Холбооны ерөнхийлөгч, 1993-1996 онд Дэлхийн монголчуудын Холбооны гүйцэтгэх захирал, 1996-2003 онд “Email Daily News” сонины эрхлэгч, 1999-2000 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх , 2000-2003 онд Үндсэн Хуулийн Цэцийн зөвлөх, 2004 оноос олон нийтийн харилцаа болон зөвлөх үйлчилгээ үзүүлдэг И-Ди-Эн ХХК-ийн захирлын ажил, албан тушаал эрхэлж байгаагийн зэрэгцээ хэд хэдэн төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллаж байна. Мөн 2010 онд Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн болсон болно.

Ч.Ганболд нь 2003 оноос ХасБанкны ТУЗ-ийн гишүүн, 2004 оноос хойш ТУЗ-ийн даргаар сонгогдон өнөөг хүртэл ажиллаж байна.

Академи:

- Д. Батжаргал, СЭЗДС

СЭЗДС-ийн ЗАХИРАЛ Д.БАТЖАРГАЛ /Ph.D, профессор/

Дорлигжав овогтой Батжаргал нь 1982-1987 онд ОХУ-ын Ростовын Их Сургуулийг Улс төр Эдийн засгийн Ухааны бакалаврын зэрэгтэй, 1997 оны 9 сараас 1998 оны 10 сард Нидерландын Маастрихтын Менежментийн Сургуульд Бизнесийн удирдлагын мастер /МВА/, 2005 - 2008 онд Киргиз улсын Бишкек хотод Киргизстаны Эдийн Засгийн Их Сургуульд эчнээ аспирантаар суралцаж Докторын зэрэг хамгаалсан.

Тэрээр ГХДС-д 1987 – 1991 онд багш, 1991 – 1999 онд ЭЗК-д орлогч захирал, СЭЗДС-д захирал, 1999 – 2000 онд ҮТЕГ-ын Дарга, УЭЗСЭШБ-ын Консорциумын Гүйцэтгэх захирал, СЭЗДС-ийн Захиралаар одоог хүртэл ажиллаж байна.

Д.Батжаргал нь албан бус эдийн засаг, жижиг дунд бизнесийн хөгжлийн асуудлаар мэргэшсэн, судлагаа шинжилгээний ажил хийж, төслийн ажлуудыг удирдан явуулж байсан туршлагатай. Корпорацийн засаглал болон эдийн засгийн бодлого, стратегийн удирдлага, дээд боловсролын засаглалыг хөгжүүлэх асуудлаар эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж, олон нийтэд түгээх ажлыг идэвхитэй хийж байна.

ОУБ:

- Флорентин Бланк, IFC

Нийтэлсэн: 2011-01-20 12:28:12