Хуралдаан - 2011
Хөдөлмөр эрхлэлт, ажлын байр

Сэдвийг онцлохын ач холбогдол:Монгол Улсын эдийн засаг харьцангуй өндөр өсөлттэй байна. Санхүү, эдийн засгийн хямралтай байсан 2009 оныг эс тооцвол эдийн засаг жилд дунджаар 8.7 хувиар өсч, нэг хүнд ногдох үндэсний орлого нэмэгдэж байна. Эдийн засагт уул уурхай, хөдөө аж ахуй, бөөний болон жижиглэн худалдаа, тээвэр, агуулахын аж ахуй голлох байр суурь эзэлж байна. 2009 оны байдлаар эдгээр салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 70 орчим хувийг үйлдвэрлэжээ. Гэвч эдийн засгийн салбаруудын ажил эрхлэлтэд үзүүлж буй нөлөө, тэнд ажиллагчдын бүтээмж харилцан адилгүй байна. Тухайлбал, ХАА-н салбарт ДНБ-ний 21.2 хувийг үйлдвэрлэж, нийт ажиллагчдын 34.7 хувь нь ажиллаж байхад, уул уурхайн салбарт ДНБ-ний 22.5 хувийг үйлдвэрлэж, нийт ажиллагчдын 3.5 хувь нь ажиллаж байна. Ажил эрхлэлтийн бүтцийг эрх зүйн байдал буюу статусаар авч үзвэл, нийт ажиллагчдын 41.0 хувь нь албан секторт, үлдсэн хэсэг нь хувиараа эрхлэх аж ахуй болон өрхийн аж ахуйд хөдөлмөрлөж байна. Аж ахуйн нэгж, байгууллагыг ажилтнуудын тооны бүлгээр ангилж үзвэл, 82.1 хувь нь 1-9 ажилтантай, 8.6 хувь нь 10-19 ажилтантай, 6.1 хувь нь 20-49 ажилтантай, 3.2 хувь нь 50-иас дээш ажилтантай байна. Эдийн засгийн өсөлт гарч байгаа энэ үед “хүн ам зүйн цонх” тохиож байгаа нь манай улсын хувьд ажлын байрыг олноор нэмэгдүүлэх, ажиллах хүчний шингээлттэй, хөдөлмөр эрхлэлтийн мэдрэмж сайтай эдийн засгийн өсөлт бий болгохыг зүй ёсоор шаардаж байна. Улс орон эдийн засгийн өсөлтөө хадгалахын тулд дан ганц макро маягийн өсөлтөд тулгуурлах нь учир дутагдалтай нь харагдаж байна. Сүүлийн 20 жилийн хугацаанд эдийн засгийн бүтэц маань хүн амын ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, байнга өсөн нэмэгдэж буй хөдөлмөрийн нөөцийг зохистой шингээх чадвар муутай явж ирлээ. Үүний улмаас хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах хүчний илүүдэл бий болж, тэр нь хөдөө аж ахуй, албан бус секторт түлхүү шингэж, мөн гадаад зах зээл рүү чиглэж байна.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээлэлд тулгуурлан хөдөлмөр эрхлэлтийн мэдрэмжийг тооцвол, эдийн засаг өсөх хэрээр хөдөлмөр эрхлэлт нэмэгдээгүй байна. Тухайлбал, 2006 онд эдийн засаг 8.5 хувиар өсөхөд хөдөлмөр эрхлэлт 4.3 хувиар өссөн бол 2007 онд эдийн засаг 10.2 хувиар өсөхөд хөдөлмөр эрхлэлт дөнгөж 1.4 хувиар нэмэгджээ. 2006 онд хөдөлмөр эрхлэлтийн мэдрэмж өндөр байсан нь боловсруулах үйлдвэрийн өсөлттэй холбоотой байна. Энэ бол эдийн засгийн өсөлт нь хөдөлмөр эрхлэлтийг зөнгөөрөө нэмэгдүүлдэггүй учир төрийн зохицуулалт хэрэгтэй гэдгийг харуулж байгаа юм. Өнөөгийнх шиг уул уурхайн үйлдвэрлэлд тулгуурласан эдийн засгийн өсөлт давамгайлсаар байвал тэндээс ашиг шимийг нь хүртэх хүний тоо хязгаарлагдмал, хөдөлмөр эрхлэлтийн мэдрэмж бага, ажиллах хүчний илүүдэл байсаар байна. Хөдөлмөр эрхлэлтийн түвшинг дээшлүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудал нь хүн амын амьжиргааг дээшлүүлэх, ядуурлыг бууруулах үндсэн арга хэрэгсэл юм. Эдийн засагт өсөлт бий болохын хэрээр хөдөлмөр эрхлэлтийн түвшин нэмэгдэж чадахгүй байна. Иймд эдийн засагт гарч буй өсөлтийг ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг сайжруулахад чиглүүлэх, үүний тулд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ, үйл ажиллагааг салбар дундын бодлогоор зохицуулах, ажил олгогчдыг хөрөнгө санхүүгийн бодлогоор дэмжих, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх, үндэсний мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх асуудлыг зөв зохистой шийдвэрлэх нь чухал ач холбогдолтой юм.

Хэлэлцүүлгийн зорилго:Энэхүү хэлэлцүүлгээр хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр салбар дундын болон макро, микро түвшний дараахь бодлого, үйл ажиллагааны талаар ярилцана. Үүнд:

- Хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудлууд;

- Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн хууль эрх зүй, тогтолцооны шинэчлэлийн асуудлууд;

- Уул уурхайн салбар ажлын байр бий болгохоос илүү төсвийн орлого бүрдүүлэлтэд сайн нөлөө үзүүлж байгаа учир тэндээс нэмэгдэж байгаа орлогыг эдийн засгийн өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, ажлын байр нэмэгдүүлэхэд түлхүү ашиглах;

- Хөдөлмөр эрхлэлтийг татвар, зээл, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжих;

- Хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалтыг сайжруулах;

- Хөдөлмөр эрхлэлтийг мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогоор дэмжих;

- Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх салбар дундын зохицуулалт, ажил олгогч болон төр, хувийн хэвшлийн оролцоог сайжруулах;

Хэлэлцүүлгээс гарсан саналууд:• Эдийн засгийн өсөлттэй байхад, ядуурал, ажилгүйдэл байсаар байна. Ажилгүйдэл нь ажиллах хүчний ажиллах чадвартай холбоотой байна;

• Хөдөлмөрийн зах зээл дээр эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэргүй байдал үүсээд байна. Нийт ажилгүйчүүдийн 20-30 хувийг дээд мэргэжлийн ажилгүйчүүд эзэлж байна. Нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр дээд боловсролтой мэргэжилтнүүд бэлтгэж байна, бэлтгэгдэхээр байна.

• Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн дисбалансыг арилгахад төр үйл ажиллагаагаа чиглүүлэх хэрэгтэй. Инноваци, технологи өөрчлөгдөхөөр ажиллах хүчин хэрэгцээгий нь хангаж чадахгүй, ажилгүйчүүдийн тоог нэмэгдүүлж байна;

• Малаа алдсан малчид сургалтад хамрагдахгүй байна;

• Иргэншээгүй иргэн, нийгэмшээгүй иргэн их байна;

• Хуримтлалгүй ажиллах хүчин бий болж байна;

• Бүртгэгдээгүй ажилгүйчүүд суманд хамгийн их байна;

• Мэргэжлийн ур чадвартай ажиллах хүчин бага байна;

• Хөдөлмөрийн зах зээл дээр бэлтгэгдэж байгаа боловсон хүчин ажил олгогчдын хэрэгцээг хангаж чадахгүй байна;

• Салбар хоорондын уялдаа холбоо байхгүй байна;

• Хөгжлийн бодлогоос хөдөлмөр эрхлэлтийн бодлого хоцорч байна;

• Бий болсон ажлын байр ядуурлыг бууруулахад чиглэгдэж чадахгүй байна;

• Давтан сургалт чанаргүй байна;

• Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж муу байна;

• Орон нутагт тохирсон хөдөлмөр эрхлэлтийн бодлого явуулах;

• Байгалийн шинжлэх ухаан, инженер-техникийн ажилтнуудыг бэлтгэх;

• Хөдөлмөрийн зах зээлийн эрхзүйн орчныг сайжруулах, хүнээ төлөвлшүүлэх, хүмүүжүүлэх;

• Албан бус салбарыг албан болгох зорилгоор, албан ёсны нэгдсэн өөрийн онцлогоо тусгасан шинэ концепцийг боловсруулах;

• Нэгдсэн тоон мэдээлэлтэй болох, мэдээллийн сантай болох;

• Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэх;

• Салбар хоорондын уялдаа холбоог сайжруулж, түүнийг зохицуулах механизмыг бий болгох;

• Хөгжлийн бодлогод нийцсэн стандарт, бодлого боловсруулах;

• Дагуул хотуудыг байгуулах, зүүн бүс рүү шилжилт хөдөлгөөн явагдаж байгаа тул баруун бүсэд хүнээ тогтоох бодлого барих;

• Ажил олгогч, Засгийн газар, үйлдвэрчин, иргэний нйигэм гэх мэт талуудын оролцоог хангасан нэгдмэл бодлоготой болох;

• Ажлын байр бий болгосон хүний тоогоор зээл, татварын урамшууллыг үзүүлэх;

• Инфляци, ажилгүйдэл уялдаатай байна. Иймд мөнгөний бодлоготой уялдуулах, Монгол банкны валютын бодлогыг зөв болгох;

• Сумдыг нэгтгэх биш, харин сумдын иргэдийг хоршиж хөдөлмөрлөхийг дэмжих;

• Төрийн албан хаагч сонгон шалгаруулалтад тусгагдсан ажилласан жил заасан хугацааг хасах, улмаар хуулийг үндсээр нь шинэчлэх;

• Хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг өргөн утгаар нь авч үзэх, хөдөлмөр эрхлэлтийн үндэсний бодлогыг гаргах;

• Ажилгүйчүүдийн армийг задлах, өөрөө өөртөө ажлын байр бий болгох, өөрөө бие даан бизнес эрхлэх боломжийг олгох;

• Үйлдвэрлэл дээрх сургалтыг дэмжих;

• Ажилчдын зан төлөвийг төлөвшүүлэхэд 10-н жилд суралцахаас эхлэн анхаарах;

• Үндсэн хуульд иргэний хөдөлмөрлөх заалтыг оруулж өгөх;

• Монгол ажиллах хүчнийг хүчирхэгжүүлэх бодлого боловсруулах, монгол хүний ажиллах чадварын үнэлэмжийг дээшлүүлэх, үнэлж сургах;

• Эдийн засгийн өсөлттэй уялдуулан хөдөлмөрийн эдийн засгийг шинэчлэх;

Зохицуулагч:

НХХЯ Т.Ганди

Т.Энхтуяа

Хөтлөгч:

Цэгмид Цэрэндолгор, SBN

Оролцогчид:

Төр засаг:

- Л. Гантөмөр, УИХ

- Д.Нямхүү, НХХЯ

- С. Бямбацогт, УИХ

- Ц.Баярсайхан, УИХ

- Д. Хаянхярваа, Төсвийн байнгын хорооны дарга

Иргэний нийгэм:

- Х.Ганбаатар, МАОЭХ

- МХҮАТанхим

- Д.Төгсөө, албан бус эдийн засгийн нэгдсэн холбоо

Хувийн хэвшил:

Академи:

- Азийн хөгжлийн банк

ОУБ:

- Хулан Хашбат, зөвлөх, Олон улсын хөдөлмөрийн байгууллага

Нийтэлсэн: 2011-01-20 00:00:00