Хуралдаан - 2011
Мэргэжлийн боловсрол ба эдийн засгийн өсөлт

Мэргэжлийн боловсрол, сургалтын ач холбогдол:

Өндөр ур чадвартай, мэргэшсэн ажиллах хүчний нөөцийг бий болгохоор мэргэжлийн сургалт - үйлдвэрийн төвүүдэд төрөөс хөрөнгө мөнгө олгож байгаа ч харьцангуй хязгаарлагдмал буюу мэргэжлийн өөрийн өртгийг тооцоолон санхүүжүүлж чадахгүй байна. Ажил олгогчдыг өндөр ур чадвартай, мэргэшсэн, төлөвшсөн ажилтнаар хангах улмаар Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд гадаадаас ажиллах хүч оруулж ирэх явдлыг хязгаарлах бодит боломжийг бүрдүүлэх нь бодлогын гол нэг чиглэл болж байна.

Хэлэлцүүлгийн зорилго:Эдийн засгийн өсөлт, үйлдвэржилтийн хөтөлбөртэй уялдан зайлшгүй шаардагдах өндөр ур чадвартай, мэргэшсэн ажиллах хүчнийг бэлтгэх, тэднийг ажлын байртай холбох асуудлыг шийдэх нь чухал юм. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг төр, хувийн хэвшил хамтран хэрхэн үр ашигтай ажиллуулж болох, ажил олгогчид болон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн хоорондын уялдаа холбоог хэрхэн сайжруулах зэрэг асуултуудад хариулахыг зорино. Мэргэжлийн боловсрол, сургалтын үйлдвэрлэл үйлчилгээний салбарын болон орон нутгийн салбарын зөвлөл нь тухайн салбар, нутаг дэвсгэр дэх аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллагын үйл ажиллагааг төр, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагатай холбох, хамтран ажиллах механизмыг бүрдүүлэх, тэдгээрээр дамжуулан хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгаа, мэдээллийг бодитой, байнгын ажиллагаатай болгох, захиалгын үндсэн дээр мэргэжилтэй ажилтан бэлтгэх (apprenticeship) сургалтын олон хэлбэрийг нэвтрүүлэх, өргөжүүлэх, сургалтын бүхий л шатанд ажил олгогчтой хамтран ажиллаж, төгсөгчийг ажлын байртай холбох механизмыг бүрдүүлэх, мэргэжлийн боловсрол, сургалтын хүрээнд хэрэгжих гадаад, дотоодын төслүүдэд аймаг, дүүргийг хамруулахад дэмжлэг үзүүлэх зэрэг чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа явуулах боломжтой болсныг оролцогчдод хийгээд олон нийтэд сурталчлан таниулахыг эрмэлзэнэ.

Хэлэлцүүлгээс гарсан саналууд:

• Мэргэжлийн сургуулийн төгсөгчдийн ажил эрхлэлтийн түвшинд анхаарах. Үүнд суралцагчдын ур чадварын асуудлыг хөндөх. Ажил олгогчдын зүгээс бэлтгэгдсэн боловсон хүчний нийгмийн хангамж талаас анхаарах;

• Техник, технологийн шинэчлэлийг хийх. Мэргэжлийн сургуулиудын чадавхийг бэхжүүлэх, тодруулбал багш, боловсон хүчин, техник талаас нь төр анхаарч ажиллах. Гурван сургуулийг жишиг буюу загвар сургууль болгон техникийн асуудлыг шийдэх;

• Бодит хэрэгцээгээ аж ахуйн нэгжүүд гаргах шаардлагатай. Барилгын салбар дахь ажиллах хүчний бодит эрэлт хэрэгцээг тогтоож, эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх нь чухал. Мэргэжлийн боловсролыг дэмжих сан болон Хөдөлмөр эрхлэлтийн сан хоорондын уялдааг хангах хэрэгтэй;

• Монголын баялаг бол эрдэс баялаг биш ур чадвартай мэргэжилтэн. Гэхдээ, эдгээрийг ашиглахын тулд тодорхой бэлтгэл ажлыг хангасан байх хэрэгтэй;

• Иргэнээ баялаг бүтээгч болгох нь боловсролын нэг гол үүрэг юм;

• Мэргэжлийн боловсролын газар БСШУЯ-нд байх шаардлагагүй. ЖДҮ-ийн сан ХХААХҮЯ-нд байх шаардлагагүй. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн хоёр тусдаа асуудал нэг яаманд хамаарч байгаа нь учир дутагдалтай. Яамдууд дэргэдээ агентлаг байлгахын оронд нэгдсэн судалгаа хийдэг, ажиллах хүчний хэрэгцээ, эрэлтийг судалдаг байгууллага байгуулах нь үр дүнтэй;

• Хүүхдүүдэд ямар ур чадвар олгохоос хувийн хэвшлийн ирээдүй тодорно. Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх асуудалд хувийн хэвшил түлхүү оролцох нь зүйтэй. Цаашдаа сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийг чанарт суурилан хөгжүүлэх хэрэгтэй. Техник, мэргэжлийн сургуулиудын чанарын асуудлыг явцуу дүгнэж байна. Тухайн сургууль төгсөгчдийн хэдэн хувь нь ажил эрхэлж байна бэ? гэдэг нь чанарыг тодорхойлох үзүүлэлт биш;

• Инженер, техникийн мэргэжлийн боловсролтой байнгын ажилтай 17,500 ажилтан, байнгын бус түр 13,000 мэргэжилтэй ажилчид хэрэгтэй байна. Ойрын хугацаанд шинээр 71,000 ажлын байр шинээр бий болно;

• Багшаас гадна сургалтын орчин, сургалтын хөтөлбөрийг сайжруулах шаардлагатай;

• Мэргэжлийн боловсролыг эдийн засгаа дэмжих талаас нь тооцон стратегийг боловсруулах шаардлагатай. Сангуудыг нэгтгэх шаардлагатай. Мэдээллийг ажил олгогчдод хүртээмээр байна;

• Төр бодлогын асуудлаа хариуцаад бусдыг нь хувийн хэвшил хариуцмаар байна. Нийгмийн буюу төрийн, хувийн хэвшил хариуцах асуудлаар нэг цэгц ойлголттой болох;

• Хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх талд анхаарах хэрэгтэй:

• Бүтээмжийн тухай асуудлыг боловсролын хөтөлбөрт оруулах хэрэгтэй.

Зохицуулагч:

- БСШУЯ Ё.Отгонбаяр

- П.Дашдорж

Хөтлөгч:

Сүхээ Наранбаатар, NBS

Оролцогчид:

Төр засаг:

- Ё.Отгонбаяр, БСШУЯ

- Д. Очирбат, УИХ

- Бямбасүрэн

Иргэний нийгэм:

- Батбаяр

- Барилгачдын холбоо

Хувийн хэвшил:

- Камиран МакРэе, Оюу толгой ХХК гүйцэтгэх захирал

Академи:

- Б.Ганбат,Техник технологийн коллеж

ОУБ:

-МСС

Нийтэлсэн: 2010-10-27 00:00:00