Хуралдаан - 2011
Орон нутгийн хөгжил

Дэд бүтцийг онцлохын ач холбогдол:Дэд бүтцийн чиглэлээр төрөөс баримталж буй бодлогыг олон нийтэд танилцуулах, дээрх чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах, хот, суурин газрын төлөвлөлтийг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, хот хөдөөгийн ялгааг арилгах, төвлөрлийг сааруулах, агаар хөрсний бохирдлыг арилгах, барилга байгууламжийн өөрийн өртгийг бууруулах, үндэсний ажилтан, үйлдвэрийг буй болгох боломжийг бүрдүүлэх нь бодлогын үндсэн чиглэл болоод байна. Мөн авто зам ашиглагчдын хэрэгцээ шаардлагыг хангахуйц авто замын дэд бүтцийг бий болгох нь авто замын салбарыг хөгжүүлэх чухал зорилтын нэг юм.
Хэлэлцүүлгийн зорилго:- Шинэ төмөр зам барихыг дэмжүүлэх, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг шийдвэрлэх

- Авто замын салбарын нийгэм, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, барилга байгууламжийн өртгийг хямдруулахын тулд үндэсний барилгын материалын үйлдвэрлэлийг олноор бий болгож, оновчтой төлөвлөх арга замыг тодорхойлох

-Барилгажилт үйлдвэржилттэй холбогдон өндөр чадвартай мэргэшсэн ажилтан бэлтгэх, инженер техникийн ажиллагсадын тоог нэмэгдүүлэх, үйлдвэр сургалтын төвүүдийг өргөтгөх шинээр барих төлөвлөгөөг гаргаж тавих

- УБ хотод үүсээд байгаа агаар хөрсний бохирдлыг бууруулах үүднээс гэр хорооллыг инженерийн дэд бүтцээр хангах, орон сууцны цогцолбор хороолол барих, шинэ техник технологийг нэвтрүүлэх боломжийг судалж хэлэлцүүлэх.

Хэлэлцүүлгээс гарсан саналууд:

• Орон нутагт дэд бүтцийн хөгжил муу байна;

• Хөдөө оруулж байгаа хөрөнгө оруулалт нь үр ашиг, өгөөж муутай;

• Хөгжлийн сул талыг далимдуулсан сонгуулийн амлалт, амлалтаа биелүүлэх гэсэн гишүүд дэд бүтцэд хөрөнгө оруулж бүтээн байгуулалт хийхээс илүүтэй өнгөц нүд хуурсан ажлуудад хөрөнгө оруулалтыг хийж байна;

• Төсвийн үр ашиггүй зардал, бодлогогүй төсөв төлөвлөлтийг ихээр хийж үүнд нь хяналт хариуцлага байхгүй байгаа;

• Орон нутагт хүний нөөц, боловсон хүчний чадавх маш сул байна;

• Яамнаас шаардлагатай гэсэн дэд бүтцийн хөгжилд хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн төслийн саналуудыг төсөвт тусган оруулдаг боловч Сангийн яаманд танагдаж, УИХ дээр хасагдаж, зориулалтаас гажиж батлагдаад ихэвчлэн нийгмийн чиглэлийн хөрөнгө оруулалт маягаар явж байгаагаас орон нутгийн дэд бүтцийн хөгжил сайжирдаггүй;

• МУ-ын бүсчилсэн хөгжлийн бодлогыг батлуулан хэрэгжүүлсэн ч хөрөнгө мөнгөгүйн улмаас хэрэгжилт муу, цаасан дээр байж, түүнд тавигдсан зорилт арга хэмжээнүүд нь лоозонгийн шинжтэй байсаар ирсэн билээ;

• Уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд Ашигт Малтмалын Хуулийн дагуу нөөц ашиглалтын татварын 10%-ийг сумын төсөвт, 20%- ийг аймгийн төсөвт, 70%-ийг улсын төсөвт төлдөг;

• Орон нутгийн олсон орлогыг төвлөрсөн төсөвт төвлөрүүлж, аймгийн захиргааны хэдэн ажилчдад, үйл ажиллагааны урсгал зардалд зориулан жилдээ 120 сая төгрөг өгч бусад нь босоо удирдлагатай тул салбараараа төсөвлөгдөг. Аймгийн удирдлагууд өөр төсвийн эрх мэдэлгүйгээс сургууль, цэцэрлэг, өндөр настан нийгэм, соёлын зарим зардалд ААН-дэд хандаж туслалцаа авдаг;

• Орон нутагт төсвийн эрх мэдэл ахиухан байвал бага зардлаар их юм хийх бололцоо байна;

• Харин төсвийг хяналттай, үр ашигтай зарцуулах шаардлагатай;

• Зардлын менежмент сайн хийвэл мөнгө багадаггүй гэдэг утгаар орон нутагт ус, газрын төлбөр зэрэг зарим татварын доод, дээд хязгаарыг тогтоож ИТХ-ын эрх мэдэлд өгөх хэрэгтэй;

• Зах зээлийн хандлага, хүн амын төвлөрөл, техник технологийн дэвшлийн хөгжилд чиглэлийг нарийвчлан судалж, шинжилгээ, тооцоо хийнэ;

• Газар зүйн шинэ онол, эдийн засгийг хөгжүүлэх шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжлийн загварын суурийг зөв гаргаж тавья;

• Бүс нутгийн Хөгжлийн Яам байгуулах эсвэл Үндэсний Хөгжлийн Яам байгуулж түүнд бүс нутгийн бодлогын газартай болж энэ олон жил орхигдож ирсэн бүс, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын асуудлыг зангидаж, салбарын хөгжлийн стратегитэй холбон уялдуулж, хөгжлийн асуудлыг цогцоор явуулах бүтэц тогтолцоог бий болгоё;

• Бүс нутаг нь өөрөө эдийн засгийн хувьд биеэ даасан тохиолдолд жинхэнэ утгаар хөгждөг. Бүс нутаг, бизнес хөгжих таатай орчинтой, эрх зүй, технологийн дэвшил өөрөө инкубаци байхаар газар зүйн хувьд шинжилж, судалж байж хөгжинө. Одоо байгаа туршлага дээрээ суурилж, аймаг бүрт нэг нэг орд дээр бодлогоор үйлдвэр барьж тухайн орон нутгийн ажилгүйчүүдийг ажлаар хангаж, ганцхан хоттой биш хэд хэдэн хотыг хөгжүүлье;

• Дэд бүтцийн хөгжлийг арай өргөн хүрээтэй харж хөрш орнуудын зам тээврийн сүлжээнд өөрийн замын сүлжээг холбож, зах зээл, худалдааны гарцуудыг хөгжүүлнэ;

• ХАА–н түүхий эд, үйлдвэрлэлийн кластерийг хөгжүүлэх хандлагыг оруулна.

Зохицуулагч:

Х.Баттулга, ЗТБХБЯ

Б.Мөнх-Эрдэнэ

Хөтлөгч:

Санжаасүрэн Эрдэнэбаяр, ТМ

Оролцогчид:

Төр засаг:

- Д.Одхүү, УИХ

- Ж.Энхбаяр, УИХ

- П.Ганхуяг, Дорноговь аймгийн засаг дарга

- Ж. Эрдэнэбат, Сэлэнгэ аймгийн засаг дарга

- Г. Эрдэнэбат, Дархан аймгийн засаг дарга

Иргэний нийгэм:

- Н. Дашзэвэг, эдийн засагч

Хувийн хэвшил:

-

Академи:

-Б.Баттүшиг, КтМС

ОУБ:

Нийтэлсэн: 2010-10-27 00:00:00