Хуралдаан - 2010
Хөрөнгийн Зах Зээлийн Шинэчлэл

1991 онд Монголын Хөрөнгийн Бирж улсын 400 гаруй том аж ахуйн нэгжийн хувьчлалыг явуулах зорилгоор байгуулагдсанаар Монголын үнэт цаас, хөрөнгийн зах зээлийн түүх эхлэлтэй. Төрийн өмчийн аж ахуйн нэгжийн хувьцааг гаргаж, анхдагч зах зээлийн үйл ажиллагааг эхлүүлэх зорилгоор шинээр эмхлэн зохион байгуулагдсан Үнэт Цаасны Хороо МХБ дээр хувьчлалын цэнхэр тасалбараар нийт ард иргэдэд 400 компанийн хувьцааг арилжсан билээ. Харин хоёрдогч зах зээлийн үйл ажиллагаа эхэлсэн 1993 оноос эдүгээ хүртэл бид хөрөнгийн зах зээлийн талаар тийм ч сайн ойлголттой болоогүйгээс гадна энэ салбарын ач холбогдлыг бүрэн дүүрэн ухаарч, үйл ажиллагааг нь зүгшрүүлж чадсангүй. Хөрөнгийн бирж, үнэт цаасны зах зээлийн байдал өнөөг хүртэл бидний сэтгэлд хүрэхээр, эдийн засагт түлхэц болохуйц хэмжээнд хүрсэнгүй. Энэ зах зээлийн талаар, түүний ажиллагаа, механизм, үр шимийн талаар бид хангалттай мэдээллийг нийт иргэд, бодлого зохиогчид, дотоодын хөрөнгө оруулагчдад хүргэж чадаагүйгээс тэдний итгэлийг олж авах, зах зээлийн итгэлцлийг нэмэгдүүлэх шаардлага өнөөдөр хурцаар тавигдаж байна.

Гагцхүү Монголын бизнес, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал биднээс маш их зүйлийг шахан шаардаж байна. Ард иргэд орон байртай болох хүсэл тэмүүлэлд автаж , хотын дэд бүтцийн асуудал хурцдаж , нийгмийн халамж , даатгал , тэтгэврийн тогтолцоо нь хуучдаж , хувийн аж ахуйн нэгжийн санхүүжилт хомсдож , арилжааны банкуудын орон сууцны зээл хангалгүй , барилгын компаниудын өнөөгийн санхүүгийн байдал дордож , хотын утааны асуудал , уул уурхайн мега компанийн санхүүжилтийн асуудал, гэх мэтээр бидний өмнө тулгараад байгаа зайлшгүй шийдлээ олох ёстой олон асуудлын жагсаалт хөвөрсөөр. Энэ бүхэн харин хөрөнгийн зах зээлтэй хэр их холбоотой вэ?

Дээрх асуудлуудад шийдэл, гаргалгааг хамтдаа ярилцаж , тохиръёо. Орон нутаг болон засгийн газрын бондыг гаргаж, нэн тэргүүнд биднээс шийдлээ хүлээж байгаа, томоохон төслүүдээ санхүүжүүлье. Монголын бенчмарк хүүг ингэснээр давхар тогтооё. Жижиг, дунд хувь нийлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалсан хуулийн эрх зүйн орчноо бий болгоё. Үүний тулд компанийн сайн засаглалын жишиг улс болъё. Компани дампуурсан тохиолдолд харин бид яах ёстой вэ? Энэ асуудлыг тодорхой болгох нь нэн чухал болоод байна. Тэгвэл бид даатгалын салбарын шинэчлэлийг цаг алдалгүй явуулж, улсын төсвөөс тэтгэврийн даатгалын хуримтлалыг салгавал хөрөнгийн зах зээл дээр эргэлдэх дотоодын эх үүсвэр нэмэгдэх үү? Өнөөгийн банкны салбарт тулгараад байгаа хүндрэлүүдийг дэлхийн эдийн засгийн хямралтай холбож тайлбарлаж болох боловч бидний зүгээс эрсдлийн удирдлага, компанийн засаглал болон бизнесээ ил тод , нээлттэй байлгах тал дээр хангалттай ажиллав уу? Хариуцлагын тогтолцоо жигд үйлчилж чадаж байна уу гэдэг асуултууд мөн урган гарч байна. Энэ бүхэнд хариул олж, шийдлийг хэрэгжүүлж, хамтдаа ажиллаж, амжилтанд хүрэхийн тулд бид харин өнөөгийн Монголын Хөрөнгийн Биржийг хэрхэх вэ? Гадаадын мэргэшсэн багийг авчирч, стратегийн хөрөнгө оруулагчид хувьчлах уу? Томоохон уул уурхайн төслөөс орж ирэх орлогыг бид яаж захирах зарцуулах вэ – ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх үү, одоо хэрэглээндээ зарцуулах уу?

Асуудалд бүгдээрээ шийдлийг олъё, түүнийг хамтдаа хийнэ: Мэргэжлийн боловсон хүчин, хүний нөөцийн асуудал, сургалт, хөгжлийн асуудал, ард иргэдийн санхүүгийн боловсрол, бизнес, эдийн засгийн мэдлэгийг дээшлүүлэх, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэх зарчмыг мөрдүүлэх, тайлагналын ил тод байдал, бүртгэл тайлангийн нийтлэг жишгийг мөрдүүлдэг болъё. Санхүүгийн салбарын хяналт шалгалтын давхардсан, хоёрдмол байдлыг арилгаж, хяналтын үр дүнг нэмэгдүүлэн, хариуцлага тооцох арга барилыг зүгшрүүлье. Уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний томоохон үндэсний компаниудаа байгуулж, дотооддоо нөөц бололцоогоо дайчилж, тэдгээр компаниудыг IPO хийх замаар хөрөнгө мөнгө босгож, их бүтээн байгуулалтыг эхлүүлье.

Гагцхүү ингэснээр бид Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, дотоодын нөөц бололцоог дайчлан шавхаж байж бид өөрсдөө өөрсөддөө, ирээдүй хойч үедээ хангалуун чинээлэг амьдралыг авчрах боломж бүрдэнэ. Ингэж байж бид ондоошино, бусдын итгэл зүтгэлийг олж авна.
Монгол Улсын Засгийн Газраас 2010 оныг бизнесийн орчныг сайжруулах жил болгон зарлалаа. Энэ ажлын хүрээнд бид санхүүгийн зах зээл, үүн дотроо олон жил яригдсан хөрөнгийн захын шинэчлэлийн ажлыг хамтдаа хийж гүйцэтгэх болно.

Нийтэлсэн: 2010-05-08 20:06:59