Хуралдаан - 2010
Салбарын байдал: Байгаль орчны тулгамдсан асуудлууд

Салбарын байдал: Байгаль орчны тулгамдсан асуудлууд

1.1 Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт болон түүний үр дагавар манай улсад:

Сүүлийн 70 жилд дэлхий нийтэд дундажаар 0.74 градус дулаарсан байхад энэ хугацаанд Монгол оронд 2,1 градус дулаарсан байна. Энэ нь байгаль экологи түүгээр дамжин улс орны хөгжлийн гол салбаруудад, хөдөө аж ахуй, мал аж ахуйд сөргөөр нөлөөлж байна.

  • Сүүлийн 16 жилд цөлжилт хүчтэй илэрсэн нутгийн талбай 11,4 дахин, маш хүчтэй цөлжилт илэрсэн нутгийн талбай 7 дахин нэмэгдэж, цөлжилт илэрсэн талбайн хэмжээ нийт нутгийн 72 хувьд хүрээд байна.
  • Газар ашиглалт, хот суурин, бүс нутгийн төлөвлөлтийн бодлогыг байгаль орчныг хамгаалах бодлоготой уялдаатай авч хэрэгжүүлдэггүйгээс хэт төвлөрөл үүсэх, байгаль орчны даац хэтэрч байна.
  • 2007 оны байдлаар 887 гол горхи, 2096 булаг шанд, 1166 нуур тойром ширгэсэн. Нийт мөсөн голын 40 орчим хувь нь хайлаад байна./1960 онтой харьцуулахад/.

1.2 Ойн нөөцийн доройтлоос хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг өргөжүүлэх

Түймэрт өртсөн ойн талбай 1.395.661 га, хортонд нэрвэгдсэн ойн талбай 950.000 га байгаа нь жилд дундажаар 465.000 га талбай ойн түймэрт өртөж байна. 350.000 га-гаас доошгүй талбайд ойн хортны устгалт явуулах зайлшгүй шаардлагатай байна. Жилд ойг нөхөн сэргээх ойжуулах хүчин чадал муу, ойжуулалтын ажлын төсөв хангалтгүйгээс ойг нөхөн сэргээх ажлын хэмжээг жилд 10000 га-д хүргэж чадахгүй байна.

1.3 Хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг сааруулж, хог хаягдлыг устгах, боловсруулах шинэ менежмент нэвтрүүлэх

Нийслэл хотын агаарын бохирдол гамшигийн хэмжээнд хүрсэн байхад хот, аймаг, сумын төвүүд хог хаягдалд дарагдаж байна. Үйлдвэр, үйлчилгээний хог хаягдлыг цэвэрлэж дахин, боловсруулж ашигладаггүйгээс агаар, ус хөрсийг бохирдуулах, хүний эрүүл орчинд амьдрах нөхцлийг доройтуулж байна. Уул уурхай, бичил уурхайн хүрээнд химийн бодисыг хяналтгүй ашиглах, гар аргаар ашигт малтмал олборлох зэрэг зохисгүй үйл ажиллагаа нь хөрс эвдэх, усыг бохирдуулах байгаль орчны доройтолд нөлөөлж байна. Нөхөн сэргээлтийн ажлын явц чамлалттай байна. Зам, уурхайг байгуулахдаа эргэн тойрны байгаль орчныг сүйтгээд нөхөн сэргээлтийг хийхгүй байна. “Байгаль хамгаалаллын дэд бүтэц” буюу шингэн хаягдал цэвэрлэх байгууламжийн хангамж, хатуу хог хаягдал, химийн хорт бодисын менежментийг сайжруулах, хог хаягдлыг бууруулах, дахин боловсруулах, эргүүлэн ашиглах шаардлага бий болсон ба өнөөдрийн байдлаар ийм хүчин чадал байхгүй байна.

1.4 Байгаль орчны стратегийн үнэлгээний тогтолцоотой болох

Манай улс уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлэхдээ түүний сөрөг нөлөөлийг үнэлэх нь чухал ач холбогдолтой. Одоогоор говийн уурхай, орд газруудыг ашиглах болон зарим нэг замын төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийгдэж байгаа боловч нэгдсэн цогц байдлаар хийгдээгүй байгаа тул учир дутагдалтай байна. Иймээс холбогдох яам, газрууд бүс нутгаар, цогцолбороор стратегийн байгалийн нөлөөллийн үнэлгээг (strategic environment assessment) яаралтай хийж эхлэх шаардлагатай байна. Гэтэл одоо хүртэл Монгол улсын хэмжээнд байгаль орчны стратегийн үнэлгээ хийх хууль эрх зүйн орчин хараахан бүрэлдээгүй байна. Иймд стратегийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний асуудлыг цаг хугацаа алдалгүй хуульчилж өгөх шаардлагатай байна.

1.5 "Ус" үндэсний хөтөлбөрийг баталж хэрэгжүүлэх

Бид байгалийн баялгийг ярихдаа зэс, алт, ховор металлыг ярьдаг боловч дэлхий даяар ирээдүйд хамгийн үнэтэй, ховор болох нөөцийн нэг нь ус юм. Усны нөөцийн асуудал манай улсын хөгжлийн зангилаа асуудал болж байгаа юм.
Ойрын үеийн эдийн засгийн өсөлтийн тулгуур цэг нь говийн бүс нутаг болж, Тавантолгой, Оюутолгой төслүүд онцгой үүрэг гүйцэтгэхээр байна. Ордуудыг ашиглах, тэдгээрийг түшиглэн зэс баяжуулах, хайлуулах, нүүрс боловсруулах үйлдвэрүүдийг байгуулахтай холбогдуулан усны нөөцийн асуудал хурцаар тавигдаж байна. Одоо тус нутгийн усан хангамжийн гол эх үүсвэр нь газрын доорхи ус юм.
Тухайн бүс нутагт газрын доорхи усны судалгааны ажлыг эрчимжүүлэх, судлагдсан газрын доорхи усны ордуудад баталгаажуулах болон ашиглалтын гидрогеологийн хайгуулын судалгааны ажил гүйцэтгэн нөөцийг нэмэгдүүлэх, гадаргын усыг шугам хоолойгоор дамжуулан говь нутагт хүргэх замаар усны хэрэгцээг хангах асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй юм.

Салбарын байдал: Ногоон эдийн засгийн тулгамдсан асуудлууд

2.1 Ногоон эдийн засгийг хөгжүүлэх тухай

Ногоон эдийн засаг бол манай хөгжлийн ирээдүйн нэг чухал чиглэл байгаа юм. Байгаль орчинтой зохицож, тогтвортой хөгжихийн тулд өндөр хөгжилтэй орнууд, тухайлбал АНУ 2009 онд, Герман улс тэргүүтэй Европын Холбооны орнууд болон НҮБ эрчим хүчний үйлдвэрлэлийг аажмаар сэргээгдэх эх үүсвэрийн үйлдвэрлэл рүү шилжүүлэх, эрчим хүчний хэмнэлтийг урамшуулсан бодлогыг нэвтрүүлж байна. Дэлхийн даяар органик хоол хүнсний үнэ өсч манай хөдөө аж ахуй, байгалийн гаралтай бүтээгдэхүүний шинэ зах зээл, боломжүүд үүсч байна. Иймээс ногоон эдийн засаг манай хөгжилд шууд үр нөлөө авчрах байна. Энэ талын ажлыг идэвхитэй хэрэгжүүлэх шаардлагатай байгааг мэргэжлийн яаманд үүрэг болгож байна.

2.2 Ногоон энерги

Манай улсын хувьд нар, салхины энергийн хүч бололцоо их байхад түүний ашиглалт нь дутмаг байгаа нь харамсалтай байна. Энэ чиглэлийн судалгааны ажилд манай дотоодын эрдэм шинжилгээний байгууллагууд, Академи энэ чиглэлээр сүүлийн жилүүдэд ахицтай ажиллаж чадаагүй байна. Гэтэл манай хөрш БНХАУ Өвөр Монголын өөртөө засах оронд буюу хилийн цаана дэлхийд тэргүүлэх хэмжээний нар, салхины станцуудыг байгуулан ажиллаж байна. Иймээс нар, салхины энергийг ашиглах талаар манай судалгааны байгууллагууд дорвитой ажиллаж, яам албан газрууд одоо манайд байгаа сэргээгдэх эрчим хүчний станцуудыг үр дүнтэй ажиллуулах, гадаадын шилдэг технологийг сонгож манайд нутагшуулах, засвар үйлчилгээг дотоодын компаниудаар хийлгэж үр өгөөжтэй болгох талаар хичээх шаардлагатай байна.

2.3 Олон улсын байгууллагууд

Байгаль орчиноо хамгаалах, органик үйлдвэрлэлийг дэмжих, НҮБ-аас зарласан Дэлхийн Ногоон Эдийн засгийг хөгжүүлэх байгууллагуудтай (Global New Green Deal, UNEP, 2008) хамтран ажиллаж, Монгол Улсад тогтвортой хөгжлийг дэмжих талаар бодитой алхмуудыг хийх цаг болсон.

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

  • Байгаль орчны тулгамдсан асуудлууд
  • Ногоон эдийн засгийн тулгадсан асуудлууд
Нийтэлсэн: 2010-05-08 00:00:00