Хуралдаан - 2010
Геологи, уул уурхайн салбарын өнөөгийн байдал ба тулгамдаж буй асуудал

Ерөнхий тойм: Өнөөдрийн байдлаар Монгол орны ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн тоо бүртгэлд 80 төрлийн ашигт малтмалын 1170 орд, 8000 орчим илрэл тэмдэглэгджээ. Ашигт малтмалын тухай хууль 1997 онд батлагдсан үеэс Монгол оронд хайгуулын ажил эрчимтэй өрнөж, зарцуулсан хөрөнгийн хэмжээ 2007 онд 280,0 тэрбум төгрөгт хүрсэн нь хамгийн өндөр үзүүлэлт байна.

2009 оны эцсийн байдлаар хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо 3662 байсан ба ашиглалтын 1087 тусгай зөвшөөрлийг нийт 1928 аж ахуйн нэгж эзэмшиж байсан бөгөөд энэ нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 30 орчим хувийг хамарч байна. Эдгээр тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 77.5 хувь нь дотоодын, 22.5 хувь нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллага байна.

Экспортын чиг хандлагатай үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд уул уурхайн салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон тодорхойлсон бөгөөд байгаль орчинд сөрөг нөлөө багатай тэргүүний техник, технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт татах зэрэг таатай нөхцөл бүрдүүлэхээр ажиллаж. Ингэснээр уул уурхайн салбараас улсын эдийн засагт оруулж буй хувь нэмэр өсч 2009 оны эхний 11 сарын байдлаар дотоод нийт бүтээгдэхүүний 30,0 орчим хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 65,5 хувь, экспортын бүтээгдэхүүний 88,2 хувийг тус тус бүрдүүлсэн нь энэ салбарын эдийн засагт үзүүлж байгаа үр нөлөө маш их байгааг харуулж байна.

Алтны 127 аж ахуйн нэгж, жоншны 44 аж ахуйн нэгж, нүүрсний 28 аж ахуйн нэгж, барилгын материалын 224 аж ахуйн нэгж, үйлдвэрүүд нь ихэвчлэн олборлох, анхан шатны боловсруулалт хийх чиглэлээр, харин Эрдэнэт үйлдвэр зэс/молибдений, Бор-Өндөрийн үйлдвэр жоншны, Төмөртийн Овооны үйлдвэр цайрын, Бороо, Олон Овоотын үйлдвэр алтны, Хөтөл, Эрэл цементийн үйлдвэр цемент-шохой, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, “Эрдмин” катодын зэсний үйлдвэр, “Шим технолоджи” молибдены ислийн үйлдвэр зэрэг 10 гаруйхан үйлдвэр баяжуулалт, боловсруулалтын чиглэлээр ажиллаж байна.

Цаашид нэгэнт бий болсон бааз суурь дээр түшиглэн уул уурхайн бүтээгдэхүүнийг гүн боловсруулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ажлын байрыг олноор бий болгох, экспортын орлого, улс орон нутгийн төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломж байна.

2006 онд шинэчлэн баталсан “Ашигт малтмалын тухай хууль” - ийн дагуу стратегийн ач холбогдол бүхий 15 орд газрыг УИХ-ын тогтоолоор баталсан бөгөөд эдгээр ордуудаас Эрдэнэт, Бороо, Төмөртийн Овоо, Багануур, Шивээ Овоо, Нарийн сухайт зэрэг ордуудыг ашиглаж байна.

Оюу толгой, Таван толгой, Цагаан суварга, Асгат, Бүрэнхаан, Мардай, Дорнод, Гурванбулаг, Төмөртэй зэрэг ордуудыг хараахан ашиглаж эхлээгүй байна. Монгол Улсын Засгийн газар Оюу толгойн хөрөнгө оруулагчидтай 2009 оны 10 дугаар сард Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан нь стратегийн ач холбогдол бүхий болон бусад томоохон ордуудыг ашиглах эхлэл тавигдсан гэж үзэж байна.

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

а. Геологи, уул уурхайн салбарын үйл ажиллагааны хүрээнд

  • Хууль эрх зүйн орчны байнгын өөрчлөлт, бусад хуулиудтай зөрчилддөг, хуулийн зарим нэр томъёоны ойлгомжгүй байдлыг засах.
  • Дэд бүтцийн хөгжил сул байгаагаас орд газруудыг ашиглалтанд оруулах хугацаа удааширч байна
  • Боловсруулах үйлдвэр, бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ, хүрээлэн буй орчинд нөлөөлөх байдлын судалгаа хийдэг мэргэшсэн байгууллага байхгүй нь төр, засгийн зарим шийдвэрүүд алдаатай гарах үндэс болж мөн томоохон төслийн гэрээ байгуулахад туршлага дутагдах.
  • Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын мэргэжилтэн бэлтгэх асуудалд онцгой анхаарал тавих шаардлагатай байна.

б. Уул уурхайг дагаж бусад салбар хөгжих боломжийн хүрээнд

  • Монголын аж ахуйн нэгжүүдийг төсөл хэрэгжүүлэх ажилд өргөн хүрээтэй оролцуулах, томоохон төслүүдийг дагаж хөгжих боломжтой салбаруудыг хөгжүүлэх

в. Уул уурхайн салбарын улс, орон нутгийн төсөвт оруулах орлого, түүний зарцуулалт, салбарын ил тод байдал ба уул уурхайн үйлдвэрүүдийн хүрээлэн буй орчин

  • Тухайн салбараас улс, орон нутгийн төсөвт орж байгаа орлого, түүний зарцуулалт олон нийтэд ил тод бус байгаа нь салбарын нэр хүндэд муугаар нөлөөлж байна
  • Уул уурхайн зарим компаниуд татвар, төлбөр хураамжийн талаар олон нийтэд мэдээлдэггүй
  • Уул уурхайн чиглэлийн компаниуд Олборлох салбарын ил тод байдлын санаачлагад нэгдэж ажиллах
  • Уул уурхайн бүтээгдэхүүнийг гүн боловсруулснаар хүрээлэн буй орчинд яаж нөлөөлөх, боловсруулалтын үед гарах дагалдах бүтээгдэхүүнийг яаж ашиглах мөн бүтээгдэхүүний чанарын талаар нарийн судалж тогтоох шаардлагатай.
  • Зэс цайрын баяжмалыг хайлуулахад гарах хүхрийн хүчлийн саармагжуулалт
  • Нүүрс коксжуулах үеийн мөн уран зэрэг ашигт малтмалыг газрын гүнд уусгахад байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг нарийн боловсруулах зэрэг болно.
Нийтэлсэн: 2010-05-08 00:00:00