Чуулган мэдээ - 2010
Форумд Эрнанда Де Сото лекц уншлаа

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын санаачилсан, манай оронд анх удаа болж буй “Монголын эдийн засгийн чуулга”-ны хоёр дахь өдөр Төрийн ордонд үргэлжилж байна.

Эдийн засгийн чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Чуулганыг санаачлагч болоод идэвхитэй оролцож буй төлөөлөгч та бүхэнд баярлалаа. Их чухал, ач холбогдолтой чуулган болж байна. Энэ чуулганыг цаашид жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байгаа“ гэж онцлов.

Эдийн засгийн анхдугаар чуулганы хүндэт зочин нь дэлхийн шилдэг эдийн засагчийн нэг, Перу улсын иргэн Эрнандо Де Сото юм. Тэрбээр тус чуулганы индрээс “Бүртгэлийн тогтолцооны ач тус, өмчийн эрхийг баталгаажуулах нь хөгжлийн үндэс” сэдвээр лекц уншлаа.

Бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөллүүд оролцож, нээлттэй ярилцлага хэлбэрээр өрнөж буй Монголын эдийн засгийн чуулга уулзалт өнөөдөр “Улсын бүртгэлийн шинэчлэл”, “Хөрөнгийн зах зээлийн шинэчлэл”, “Өрсөлдөх чадварыг дээшлүүлэх нь” гэсэн гурван салбар хуралдаанаар үргэлжилнэ.

Нийтэлсэн: 2010-02-10 20:09:38